Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэгээр 200 гаруй гадаад иргэнийг авчирна


2020-09-23 11:20:56

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020.01.28-наас 2020.09.22-ны өдрийн байдлаар гадаадын 81 улсаас 22.191 иргэнийг эх оронд нь авчирлаа. Энэ хугацаанд  76 удаагийн тусгай үүргийн нислэгээр 15.685 иргэн, авто замын 2 боомтоор ОХУ-аас 2320, БНХАУ-аас 4.176 буюу 6496 иргэнийг эх оронд нь авчраад байна.

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг УОК-оос тавьж байгаа 5 шалгуур болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар ангилбал

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 2.659
  • Эрүүл мэндийн шалтгаантай 1728
  • Хөгжлийн бэрхшээлтэй 344
  • Өндөр настан 1312
  • Жирэмсэн 586
  • Бусад шалтгаантай 9056 иргэн байна.

Энэ сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэг төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Өнөө өглөө Улаанбаатар-Франкфурт, Улаанбаатар-Сидней чиглэлийн нислэгүүд хөөрсөн. Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа Унгар улсын их, дээд сургуульд суралцаж байгаа 120 гаруй монгол оюутныг Будапештэд хүргэх өгөх асуудлыг өнөөдөр шийдэж байгаа. Энэ удаагийн нислэгийг үйлдсэнээр Унгар улс Монгол Улсын хооронд зорчигч тээврийн анхны нислэг үйлдэгдэж байна.

Энэ сарын хуваарь дээр тусгаарлах байрны нөөц бололцоог харгалзан нислэг нэмэх асуудлыг шийднэ гэж мэдээлж байсан. Энэ дагуу энэ сарын 28-нд Казахстан улс руу “Хүннү Эйр” компани тусгай нислэг үйлдэхээр боллоо.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд Монголд байнга оршин суух эрхтэй, гадаад иргэд өнгөрсөн хугацаанд Монгол Улсад ирэх хүсэлтийг удаа дараа тавьж байгаа.

2020.08.28-нд энэ хүсэлтийг харгалзан үзэж Сөүл хот руу нэг удаагийн нислэг үйлдэж, зөвхөн гадаад иргэдийг авчрах ажлыг зохион байгуулж байсан. Тэгвэл энэ сарын 29-нд гадаадын 200 орчим иргэнийг Монгол Улсад тусгай үүргийн нэмэлт нэг нислэгээр авчрахаар шийдэрлэлээ. Энэ дагуу бэлтгэл ажил ханган ажиллаж байна. Эдгээр иргэнийг ирсэн даруйд нь тусгай үнээр тусгаарлана.

Монгол иргэдийг тусгаарлах  байранд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.

Ирэх аравдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарийг УОК-т танилцуулсан. Өнөөдрийн байдаар нутаг буцах хүсэлт гаргасан 10400 орчим иргэн бий. Гэхдээ энэ тоог Элчин сайдын яамдуудаар дамжуулан баталгаажуулна. Учир нь иргэд эх орондоо ирэх хүсэлтээ хойшлуулах тохиолдол мөн гарч байгаа.

Урьдчилсан хуваариар ирэх сард 11 нислэг үйлдэнэ” гэлээ  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү