Г.Ариунбуян:"Энхсаран" сувилалаас голомтлон тархсан байж болзошгүй байгаа тул тэнд байсан хүмүүсээс дахин шинжилгээ авна


2020-11-16 15:44:00

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян иргэдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК болон Засгийн газраас гаргасан шийдвэр яам болон доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаа талаар салбарын сайд, агентлагийн дарга нар анхаарал тавьж ажиллаж байна. Зарим нэг зөрчил дутагдал гарч байна. Ялангуяа махны хангамжтай холбоотой асуудлаар тасралтгүй зохион байгуулах чиглэлээр иргэдээс ирүүлсэн саналыг судалж үзэж байна.

Мөн эмзэг бүлгийн иргэдэд хоол, хүнсний түгээлт, их дээд сургуулийн дотуур байрны оюутнуудын хүнсний хангамж, эрүүл мэндийн асуудал дээр ажиллаж байна.

Түүнчлэн шалган нэвтрүүлэх цэгүүдийн үйл ажиллагаа, тусгаарлах байрны үйл ажчиллагаа гээд бүхий л чиглэлээр ажил хариуцсан хүмүүс ажиллаж байгаа байдал дээр УОК-оос хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.

Улсын хэмжээнд нийт 41 байранд 1911 иргэн тусгаарлагдаж байна. Нийслэлд 17 байранд 1507, орон нутагт 7 байргилд 404 иргэн тусгаарлагдаж байна. Сүүлийн үед "Энхсаран" сувилалтай холбоотой асуудлаар шүүмжлэл их ирж байна. УОК-ийн анхаарлын төвд байдаг. Анх ковид-19 халдвар гарч байх үед тусгай үүргийн нислэг зохион байгуулахтай холбоотой УОК, Эрүүл мэндийн яамнаас тусгаарлах байрны зориулалтаар ашиглах байруудыг шалгах үед хамгийн ойр байрлалтай, байгалийн таатай орчинд байдаг, тухайн үед үйлчилгээ гайгүй гэдгээрээ "Энхсаран" сувиллыг 3 сараас эхлэн сонгож үйл ажиллагаа явуулж байсан.

Сүүлийн 1, 2 сард тухайн сувиллын үйл ажиллагаа доголдож, ялангуяа үйлчилгээ, дотоод халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйжүүлэлт, стандарт мөрдөхгүй байгаатай холбоотой санал шүүмжлэл гарсан. Үүний дагуу УОК-ийн шуурхай штаб болон холбогдох байгууллагуудаас хяналт шалгалт хийсэн. Хамгийн сүүлд 2020.11.10-нд УОК-оос тухайн сувиллын үйл ажиллагааг цаашид явуулах боломжгүй гэсэн мэдэгдэл хүргэсэн. Өнөөдөр сувилалд тусгаарлалтад байсан нийт 81 иргэн, үйлчилгээ үзүүлж байсан 17 иргэний хамт нүүлгэн шилжүүлсэн.

Эдгээр иргэний тусгаарлалтын хугацаа 2020.11.14-нд дууссан. Энэ хугацаандаа 3 удаагийн шинжилгээ өгч, хариу сөрөг гарсан боловч "Энхсаран" сувилалаас голомтлон тархсан байж болзошгүй асуудал байгаа учраас хяналтыг чангатгаж, дахин шинжилгээ авна. Хэрэв хариу сөрөг гарвал гэрийн ажиглалтад шилжүүлнэ" гэлээ.  

Шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх хүрээнд автомашины тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн. Гэтэл тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдаж байгаа тохиолдол илэрсэн. Иймээс тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү