Хотын даргын шийдвэр шинэлэг зүйл биш


2020-11-19 12:33:56

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарын гаргасан шийдвэр зарим хүнийг алмайруулав бололтой. Хүнсний тээвэрлэлтийг дэлгүүрүүдэд шөнийн цагаар хүргэж, иргэдийг хүнсээр бүрэн хангахын зэрэгцээ хөл хориог чангатгах түүний захирамжид гэртээ суугаа иргэд эгдүүцэх маягтай. Гэхдээ энэ нь тийм ч шинэлэг санаа биш юм.

Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлэх арга төлөвлөгөөний эхэнд шахуу бараа бүтээгдэхүүний түгээлтийн тээврийн хэрэгслийн цагийн хуваарь хөндөгддөг.

Үе үеийн хотын дарга нарын шүдний өвчин болсон авто замын түгжрэлийг бууруулах арга шийдэлд ч энэ талаар хэдэнтээ дурьдагдах нь бий. Жишээ нь, хотын даргаар ажиллаж байсан Су.Батболд түгжрэлийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд худалдаа үйлчилгээний газруудад ачаа бараа хүргэх, татах үйлчилгээг 23.00-06.00 цагийн хооронд байхаар буюу нийслэлийн оршин суугчдын ажлын цагтай давхцуулахгүйгээр зохион байгуулахаар үүрэгдэж байв. Энэ ажил хэсэг хугацаанд хийгдсэн.

Дугаарын хязгаарлалтаас шалтгаалаад байгууллагын түгээлтийн үйлчилгээний автомашинуудын 20 хувь нь өдрийн цагаар хөдөлгөөнд оролцдоггүй. Улаанбаатар хотод өдрийн цагаар явж байгаа автомашины 5 хувь нь  дэлгүүр, хоолны болон бусад олон төрлийн үйлчилгээний газруудын хүнс, түүхий эд, материалаар хангахад зориулагдсан автомашинууд хөдөлгөөнд оролцож байна. Ид ачааллын буюу 11-15 цагийн хооронд энэ тоо нь  7 хувь болж өсдөг талаар ч судалгаа дэлгэж байлаа.  Бараа ачиж буулгаж байгаа  нэг автомашин тухай орчныхоо хөдөлгөөний эрчмийг 35 хувиар бууруулдаг. Иймээс бараа түгээлтийг шөнийн цагаар хийснээр замын хөдөлгөөний түгжрэл 12 хувь буурах  тооцоо гаргаж байлаа.

Ганц Монгол Улс ч биш дэлхийн бүх том хотууд шөнийн 23:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хүнсний , бусад бүх тээврийн түгээлтэй хийж ирсэн. Өдгөө ч ийм цагийн зохицуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг. Гадаадад гарч галуу шувууны мах идсэн зарим нь “Япончуудыг эртэч ард түмэн” гэж ам уралдуулан шагшин магтдаг. Хөрш зэргэлдээ хятадуудыг ч шоргоолж шиг ажилсаг, эртэч хүмүүс гэж шагшдаг.  Тэд бас л түгжрэлээ даван туулах зөв зохицуулалт хийх гэж өглөө 04:00 цагаас том хотуудынх нь ажил амьдрал эхэлдэг.

Улаанбаатар хотод ч хүнсний түгээлт үүрийн гэгээтэй уралдан байдгийг эрх биш анзаарсан болов уу. Хэрэглэгч таныг өглөө босч, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэхээс өмнө хэдийнэ дэлгүүр үүдээ нээж, шинэхэн талх, сүүтэй угтдаг байх аа. Шинэхэн талхны үнэр сэнгэнэн байгаа нь хэдийнэ түгээлт ирээд явсныг илтгэнэ.

Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хөл хорионд орсон энэ үед хүнс хангамж, тэр дундаа эрүүл аюулгүй, шинэхэн байх нь чухал. Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд гэртээ байж, дархлаагаа дэмжих нь тэргүүн ээлжинд яригдаж байна. Тиймээс дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн өнөөдрийн идэж хэрэглэж байгаа хүнснээс шууд хамааралтай. Тиймээс хотын даргын захирамжийг энэ удаад харин ч дэмжиж байна.

Хүнсний бүтээгдэхүүн түгээлт шөнийн цагаар хийгдэх нь тийм ч шинэлэг бас соргог зүйл биш гэдгийг дахин хэлье. Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр "Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр хүнсний томоохон болон жижиг 68 зах ажилалж байна. Үүний 48 нь томоохон хэмжээний хүнсний зах. Мөн 3761 хүнсний дэлгүүр ажиллаж байна. Хүнсний дэлгүүрүүдэд иргэд дугаарлах, ихээр нөөцлөх байдал багассан. Хангалт, үйлчилгээ сайн байгаа. Шөнийн тээврээр томоохон сүлжээ дэлгүүр, захуудыг хүнсээр хангаж байгаа. Хүнсний хангамж, нөөцийн хувьд иргэд санаа зовох зүйлгүй" гэдгийг олон нийтэд хандан мэдэгдэж байсан.

Дотооддын халдвар өдгөө 72 болж нэмэгдээд байна. Улаанбаатар хотоос гадна 5 аймагт халдварын голомт бүртгэгдэв. Ийм эгзэгтэй ээдрээтэй үед хатуу хөл хорио тогтоож, танадалт судалгаа явуулах шаардлага ч цаашдаа үүсч мэдэх юм. 

Өнөөдрийн хувьд 07:00-10:00, оройны 17:00-20:00 цагаас  бусад үед иргэдийн хөдөлгөөнийг хориглосон. Энэ хугацаанд иргэд хүнсээ базаахыг зэрэгцээ зарим нэг нь салхилж, агаарлах маягтай байгаа нь нууц биш. Нөгөөтэйгүүр, цар тахлын хатуу дэглэмийн үед тав тухыг хангасан, бүгдэд нийцсэн гоё шийдвэр гэж байхгүй. Ямар ч шийдвэр, захирамж 100 хувь бусдад таалагдаж байсан удаагүй. Тиймээс эрсдэлтэй үед шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа албан хаагчдаа шүүмжилж, дархлаагаа унагахын оронд гарах үр дүнг нь харцгаая.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү