Л.Халтар: Гашуунсухайт боомтод явуулын лаборатори угсарна


2020-11-22 17:25:28

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийв.

Тэрбээр "Төмөр замын трассыг даган Алтанбулаг боомтоос эхтэй халдвар тархсан нь тогтоогдсонтой холбогдуулан Улаанбаатар төмөрзамын байнгын болон байнгын бус нийт 15694 ажилтанд бүгдэд нь КОВИД19-ын халдварын шинжилгээг энэ өдрүүдэд хийж байна. Одоогоор 12942 ажилтанд шинжилгээ хийж, үлдсэн 2000 гаруй ажилтанд өнөөдөр болон маргааш шинжилгээг хийж дуусгахаар төлөвлөж байна.

Зөөврийн шинжилгээний лаборатори Замын-Үүд, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж буй. Энэ хугацаанд ээлжинд гарч буй, машинист, өртөө зангилаа дахь ээлжийн ажилчдыг байгаа газарт нь тусгаарлаж, гэрт нь хариулахгүйгээр ажлын байранд нь амраах, ажлаа үргэлжүүлэх нөхцлөөр хангах байдлаар зохицуулалтууд хийгджээ.

Цаашид төмөр замын нийт ажилчдын шинжилгээний хариу эцэслэн гарч байдал хүндэрвэл өмнө нь төмөр замд ажиллаж байсан чөлөөндөө гарсан ахмадууд, Төмөр замын дээд сургуулийн 4-р дамжааны оюутнуудыг онлайнаар шалгалт авч орлуулан ажиллуулахад бэлэн байлгахаар судалгаа бүртгэл, бэлтгэлүүдийг хийж эхэлжээ. Дотоодод халдвар илэрсэнтэй холбоотойгоор мөн Замын-үүд боомтод халдвар бүртгэгдсэн зэргээс шалтгаалж БНХАУ-ын талаас хилийн боомтын шалгалт, хяналт ойрын өдрүүдэд чангарсан байна. Иймд экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх хүрээнд УОК-оос шуурхай арга хэмжээг авахаар боллоо.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос ачаа тээвэр оруулж ирдэг байнгын тээвэрт явдаг 101 жолоочийг шинжилгээнд хамруулсны дараа 50 жолоочийг хилийн цаана сарын турш байршуулж тэдгээр жолооч нар хоёр орны хилийн боомтын дундын бүсэд ачаа тээврийг авчирч Монголын талаас нөгөө 50 жолооч ачаа тээврийг авах байдлаар зохицуулалт хийж байна.

Нүүрс тээврийн экспортын гол боомтуудад мөн халдвар хамгааллын дэглэмүүдийг чангатгаж, ачаа тээврийн жолооч нарт нийтэд нь КОВИД19-ын PCR шинжилгээг хийхээр болов. Тавантолгой-Цагаанхад чиглэлд уртын тээвэрт явж буй 4000, Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд богинын тээвэрт явж буй 2000 жолооч нарт шинжилгээ хийж, тэднийг тээврийн замд хавьтал үүсгэхгүйгээр зохион байгуулалтыг цагдаа, дотоодын цэргийн дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болов.

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаж буй жолооч, боомтын ажилтан албан хаагчдад газар дээр нь шинжилгээ хийж, үйлчилгээ үзүүүлэхээр PCR шинжилгээний явуулын нэг лабораторийг өнөөдөр угсарсан байна. Гашуунсухайт боомтод ирэх 7 хоногт дахин нэгийг байрлуулж ажиллуулах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү