Алтайгаас айсуй жингийн цуваа...


2020-11-28 12:33:18

Өнгөрсөн зун Халиуны нэг хаягдсан гэмээр багийн төв дээр түр саатлаа. Багийн төвийн нурж унах дөхсөн хэдхэн байшинг сахин насаараа амьдарсан хөгшинтэй хэдэн үг солив. Бас их улстөржинө өө, өнөөх маань. "Та ингэхэд тэр яриад байгаа аймгийн удирдлагуудаа амьдаар нь ер харав уу" гээд асуучихлаа.

Тэгсэн "Харалгүй яадаг юм, тэр Амгаланбаатар гэж татаж унагаах гэсэн сэргэлэн хүү манай үүгээр хоёр удаа ирсэн шүү дээ, бусдыг нь бол үзээгүй ээ, би ч ямар аймаг орох биш" гээд сүрхий гайхуулж байна. За тэр эмээг татаж унагаах шахтлаа хоёр дахин давхиж очсон салхи шиг нөхөр бас л Алтайнхныг бужигнуулна шүү дээ. Засаг дарга болонгуутаа бүх хүнсний дэлгүүрийнхнийг дуудаж цуглуулаад уулзаж дээ. Төв замаа гайгүй хашлага энэ тэртэй болгочихмоор байдаг. АН-ын хүн Засаг дарга болсон болохоор МАН-ын Засгийн газар 2.0 тэрбум төгрөгийн төсөв л өгсөн байгаа юм.

Мань Амгаланбаатар хүнсний дэлгүүрийнхнийг цуглуулаад "Бүх тусгай зөвшөөрлүүдийг одоо өгнө, хамгийн гол нь та нар сэтгэл нийлээд энэ зам янзлаатах" гэж дээ. Ингээд өмнөх дарга нарын бөөн хүнд суртал, бөөн авилга болж байж өгдөг тусгай зөвшөөрөл гээчийг 100 гаруй дэлгүүрт олгож, нөгөө дэлгүүрийн залуус үзээгүйгээ үзэж, урамшиж зоригжсондоо өөрсдөө тав арван цаас нийлүүлээд замын хашлагыг солиод хаясан байгаа юм.

Өнөө Амгаланбаатар чинь долоо хоногийн нэг өдрийг архигүй болгон хэрэглээг зохицуулсан байдаг. Улс даяар хөл хорионд сууж буй энэ үед за бас л Алтайнхан хамгийн зоримог гэмээр алхам хийлээ. Энэ цагийн жингийн цувааг эхэлж хөдөлгөлөө. Хотод суугаа, сурч, эмчилгээ хөөцөлдөж яваа нутгийнхандаа болон нийслэлчүүдэд Алтайн үнээр хангамж нийлүүлэх санаачлагыг өнөөх "татаж унагах гэсэн хүү" гаргаж, өнөөдөр өглөөхөн 31 машин цуваа наашаа хөдөллөө.

Нийт 17 сумын, 2800 гаруй өрхийн 271 тн мах, мөн дархлаа дэмжих нутгийн бүтээгдэхүүн замд гарчээ. Алтайд есдүгээр сараас цас орсон, цаашдаа хайлна гэж байхгүй, өндөрлөг газар өвөлжилт хүндэрнэ. Тиймээс болзошгүй зуднаас өрсөн амт чанартай сайн махаа нийслэлийнхэнд хүргэх, мөн их хотод суугаа нутгийнхныгаа дэмжих гэхчлэн хэд хэдэн ашигтай нүүдэл энд харагдаад байгаа юм. Баруун хязгаараас цаст тал, цанхаат уулсыг туулан улсын нийслэлийг зорьсон урт цуваа ирж л явна даа. Буцахдаа лав хоосон гарахгүй, алтайнханд ам хөдөлгөх хүнс, асуудал шийдэх өвс тэжээл зөөж таарна. Бусад аймгийнхан нутаглах нутаг, өвөлжих өвөлжөөгүй мал, улирлын аяар хэцүүдэж яваа малчиддаа үүнээс үлгэр аван тус дэм болж, хэдэн малыг нь хэт шуналтай чэнжүүдийн гар харуулалгүй хаа хаанаа ашигтай ажиллаасай даа.

Нийслэлийнхэнд мах хэрэгтэй, хөдөөнийхөнд гарз багатай өвөлжилт шаардлагатай байна. Алтайгаас айсуй жингийн цувааныхан өглөөхөн Бор давсны овоон дээрээс сүү өргүүлэн мордож, аймгийн Мэргэжлийн хяналт болон Онцгой байдлын албаныхан чиг үүргийн дагуу бэлэн байдлыг шалгахын зэрэгцээ зөвлөгөө өгч, алсын замд ашидын ерөөл, аюулгүйн санамжаар үджээ. Нам гэж ялгарахгүй, санаа зориг нэгдээд ажиллавал орон нутаг хөгжиж, олны сэтгэлд урам зориг нэмэх цаг ойрхон л байна даа. Жингийн цуваа төдөлгүй ирж, хот, хөдөө хоёр талд суугаа хүмүүсийн нар гарахын ерөөл өргөе.

Сэтгүүлч Р.Эмүүжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү