Өөдгүй монголчууд


2020-11-30 10:53:09

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар 10 хоног сунгах Засгийн газрын шийдвэр гарав. Халдварын нууц үеийн эхний шатыг давж байгаа тул хөл хориог сулруулах нь тархалтын хүрээг алдах өндөр эрсдэлтэй хэмээн Эрүүл мэндийн яамнаас анхааруулсан. Үнэндээ ч өдөр бүр нэмэгдэж байгаа тохиолдлын тооноос аюул алсрах болоогүйг харж болно.

Гэвч амьдрал баян тул иргэдийн амьдрал, амьжиргааг тэргүүнд тавьж, халдвар гараагүй аймгуудын хөл хориог үе шаттайгаар сулруулахаар шийдвэрлэсэн нь энэ. Харин Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймгийн хөл хориог 10 хоногоор сунгав. Үнэндээ хөл хорио сунгагдана гэх сэтгэлзүйн бэлтгэл олон нийтэд байсан гэхэд хилсдэхгүй. Өдгөө Дархан-Уул аймгаас өөрөөр голомтыг хяналтдаа авсан газар алга. Архангай аймагт хэнэггүй нэгний уршгаар тохиолдол бүртгэгдлээ. Тус аймагт халдвар цааш хэрхэн тархах нь эрсдэлтэй хэвээр байна. Хөл хорио тогтоосон энэ үед халдварын голомт нэмэгдэж, шинэ тохиолдлын тоо өдөрт дунджаар 25-аар өссөн үзүүлэлттэй. Дэлхийн бусад орнуудтай харьцуулбал манай улсад халдварын тархалтын хүрээ өндөр байгааг ЭМЯ-наас өдөр бүр сануулдаг. Тиймээс хөл хорио сунгагдах нь бараг тодорхой байлаа.

Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг үргэлжлүүлэх нь эдийн засагт эрсдэлтэй. Орлого тасарч, олон мянган ажлын байр цомхотголд орно. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь наснаас илүү ашиг орлого, ажил гэж үгүй.

Хэрэв хөл хориог шууд сулруулсан бол... Та, би, таны бидний хүүхэд, ээж, аав халдвараар өвчлөхгүй гэх баталгаа бий юу. Одоогийн нөхцөлд байхгүй. Хэн нэг нь өвчилж, халдвар тээгч болбол хэрхэх вэ гэх асуултыг өөртөө тавиад үзээрэй.   

УОК-оос хөл хориог үе шаттайгаар сулруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа эхний арга хэмжээ нь боловсруулах үйлдвэрийн ажилчдыг ажиллуулахаар болсон явдал хэмээн харж байна. Тодруулбал, хөл хорионы хязгаарлалтад үл хамаарч байсан 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэсэн.

Мэдээж шийдвэр бүх хүнд таалагдсангүй. Тиймдээ ч цэц булаалдан, шүүмжилж эхлэх нь тэр. Хажуугаар нь явган улс төр өрдөөстэй. Засгийн газрыг огцруул, хотын даргыг чөлөөл гэхчлэн. Хэцүү цаг үед ч эвлэлдэн нэгдэж, эв эеэ хичээж чадахгүй, улс төр хийж байгаа нь тэр. Гэвч өнөөдөр нөхцөл байдал биднийг эрхээ эдлэхээс илүүтэй иргэний хариуцлагатай байхыг шаардаж байна.

Шинжилгээ өгөхдөө тэврэлдэж, эмх замбараагүй байдал бий болгох бус мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар, зөвлөгөөг дагах нь ухамсарт хүний үйлдэл бус уу. Ганц хүний хувийн зохион байгуулалт, ухамсарт үйлдлээс улбаалан халдвараас сэргийлэх боломж бололцоо бидэнд байна.  

Гоо сайхны үйлдвэрлэлийг ажиллуулж байгаа ч гоо сайхны үйлчилгээний газруудыг нээх нь эрсдэлтэй. Нэг үсчин өдөрт хэдэн хүнтэй харьцах билээ. Халдвартай нэг иргэн тухайн үсчний газраар үйлчлүүлээд гарлаа гэхэд хэдэн хүнд тараах бол... коронавирусийн халдвар үс, хатуу гадаргуу гээд дамжиж болох бүхий л зүйлээр халдварлахыг дэлхий нийт сануулж байна. Кофи шоп ч ялгаагүй. Халдвартай хүний суусан суудал дээр суугаад босоход та халдвар тээгч болно гэдгээ сана.

Вино, пиво худалдах нь гэх эсэргүүцэл. Хөл хориотой хамт архи, согтууруулах ундааг худалдах болон түүгээр үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон. Гэвч эрүүлжүүлэгдсэн хүний тоо өдөрт дунджаар 50. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн өдөрт 10-аараа саатуулагдаж байв. Шагийн архи цахим орчинд ноёрхсон нь ч нууц биш.  

Иймээс төрийн бүх шийдвэрийг шүүмжилж, өөрийгөө стресдүүлэхийн оронд эрүүл мэнддээ өөрсдөө анхаарч дэглэмээ сахья, хүн шиг хариуцлагатай байя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү