Шинжилгээний бичиггүй бол нийслэлээс гаргахгүй


2020-12-01 11:48:25

Улаанбаатарт "гацсан" орон нутгийн иргэдийг өнөөдрөөс буцааж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийв.

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Хот хоорондын зорчигч тээвэр Драгон, Тэнгэр плаза, Лавай гэсэн гурван газраас иргэдээ авч хөдөлж байгаа. Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах ажил үргэлжилнэ.

Иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд бичгээ үзүүлээд шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч болно. Хүрэх газраа очсон тохиолдолд мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийг биелүүлж, гэрийн дэглэмээ үргэлжлүүлэн сахих ёстой. 

Мөн Улаанбаатар хотоос гарч байгаа иргэд машиндаа дөрвүүлээ хэрнээ нэгийнх нь шижилгээний бичиг нь гараагүй байхад нийслэлээс гарахыг завдах тохиолдлууд байна. Энэ тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн гаргах боломжгүй юм. Иймд иргэд хувийн тээврийн хэрэгсэл болон автобусаар зорчихдоо хувийн аюулгүй байдлаа чанд сахиж, шаардлагатай бичиг баримтаа өөрийн биедээ авч явахыг  сануулж байна.

Хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдэд цаг харгалзахгүй. Тэдний хувьд аюулгүй байдлаа сайн хангахыг уриалж байна. Халтиргаа гулгаа ихтэй байгаа тул болгоомжтой байх, хурдыг 80 километр цагаас хэтрүүлэхгүй байх, суудлын бүсээ зүүх шаардлагатай. Хэдийгээр хар харагдаж байгаа ч гэсэн мөстөөд гөлийсөн байна. Тиймээс жолооч нар анхаарал болгоомжтой явах хэрэгтэй.

Голомт гарсан аймгууд болох Архангай, Сэлэнгэ аймагт гацсан иргэд нийслэл хот руу орж ирэх боломжгүй.

Өглөөний 06:00 цагаас хойш нийт 20 тээврийн хэрэгслээр 41 иргэн нэвтэрлээ. Эдгээр иргэд хүндэтгэн үзэх 18 шалтгаантай хүмүүс юм.  20 тээврийн хэрэгслийн 9 нь том оврынх. Орон нутаг руу иргэдийг гаргаж байгаатай холбогдуулан хөдөлгөөн ихсэх төлөвтэй байна. 

Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах 78.000 орчим иргэн, орон нутгаас нийслэл рүү орох 25.000 иргэн байна. Нийт 104.000 орчим иргэн шинжилгээнд хамрагдаж, Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас нийслэл рүү ирэх нөхцөл байдал үүсээд байгаа.

Хувийн 28 мянган тээвэр, хот хоорондын 50 мянган тээврийн хэрэгслээр иргэд зорчино. Шинжилгээний хариугаа авсан QR кодтой хүндэтгэн үзэх шаардлагатай 18 байгууллагын ажилчид чөлөөтэй орж гарч байгаа ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү