УОК-оос зөвшөөрсөн 18 салбарын үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт мөрдөгдөхгүй


2020-12-01 13:22:03

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж, нийт 180 болсон. Тохиолдол илэрч байгаа нь батлагдсан хүний цаана ойрын болон хоёрдогч, гуравдагч хавьтал байгааг илтгэж байгаа тул тайвшрах болоогүй байгааг онцгой комиссийн гишүүн анхааруулсан.

Сэлэнгэ аймагт бүх нийтийн хатуу хөл хорионы дэглэм үргэлжилж байгаа бөгөөд УОК-оос гаргасан 18 салбарын  үйл ажиллагаа явуулах захирамж тус аймагт үйлчлэхгүй гэдгийг тодотгов. Өөрөөр хэлбэл, 10 хоногт хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөх гэнэ.

Батлагдсан тохиолдлын хувьд

  • Сүхбаатар суманд 175
  • Мандал суманд 3
  • Алтанбулагт 2 тохиолдол бүртгэгдсэн.

Өнөөдрийн батлагдсан 1 тохиолдол нь ойрын хавьтлаас илэрсэн байна. Тусгаарлах байранд 299, гэрийн ажиглалтад 140 иргэн байна.

Түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар суманд 17.927, бусад суманд 12.382 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаагүй байгаа иргэд үүргээ биелүүлж, шинжилгээнд хамрагдахыг мэдээллийн үеэр сануулав.

Дархан-Уул аймагаас ойрын сумууд руу албан бус, хулгайн замаар явган болон мориор иргэд шилжилт хөдөлгөөн хийх явдал их бий гэнэ. Хүйтний эрч чангарч байхад осгох, төөрөх, чоно, нохойд бариулж болзошгүйг мөн анхаарууллаа. Иймэрхүү байдлаар төөрч, чоно нохойд хазуулбал цар тахлын үед бусдыг хайх хүн хүчний нөөц бололцоо хомс байгааг ч хатуухан мэдэгдсэн.