С.Баярын 5.5 тэрбум, С.Баярцогтын 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хурааж авахаар болжээ


2021-01-13 13:18:17

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Насанбат олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан гэв.

Нийслэлийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй, эдийн засгийн болон авлига албан тушаалын, улс орон дамжиж үйлдэгдсэн мөнгө угаах хэргүүдийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх ажлыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд удаан хугацаанд шалгагдсан улс төрд нөлөө бүхий этгээд холбогдсон цөөнгүй хэргүүдийг шийдвэрлэсэн байна.

Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус мөнгө угаах, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, улсын орлого болгохоор болжээ. Тухайлбал, шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдэд 48 гэмт хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хохирлыг хурааж улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гарсан байна.

Зарим хэргүүдээс дурдвал:

  • Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн С.Баяраас 3,569,148.56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5,580,444.000 төгрөгийг, 1,097,130,673 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг,
  • С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байгаа 5,766,040,000 төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг,
  • Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогтоос нийт 4.010.452.844 төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө,
  • Ш.Мөнгөншагай нарт холбогдох /Салхитын мөнгөний орд/ хэрэгт 190,000,000 төгрөг,  1,445,200 америк долларыг,
  • Хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын Стандарт банкнаас 109 сая ам долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар  болон үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү