Үйл ажиллагаа эхэлж байгаа газруудад тавигдах шаардлага


2021-02-22 15:53:15

Маргаашнаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулж, аж ахуйн нэгж байгууллагын 95 хувь нь үйл ажиллагаагаа нээхээр болсонтой холбоотойгоор Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталсан.

Тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан. Үүний дагуу шар түвшин буюу эдийн засгийн 95 дээш хувь нь энгийн амьдрал руу шилжих шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, 100.000 гаруй аж ахуйн нэгжийн 95 хувь нь үйл ажиллагаагаа маргаашнаас эхлүүлнэ. 

Ямар үед улбар шар руу орж, үйл ажиллагаа хязгаарлах талаар урьдчилан зарлан мэдээлнэ. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага ажил, амьдралаа төлөвлөх боломж бүрдсэн. Үүнийг дагаж мөрдөх журмыг мөн УОК-оос баталж, дүүргүүдэд хүргүүлсэн.

Аж ахуйн нэгжийг нийт 14 төрөлд хуваадаг. Үүнээс олон нийтийн дунд ойлгомжгүй байгаа асуудалд тайлбар хийе. Аж ахуйн нэгжүүдэд гарын авлага хүргэгдэнэ. Халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахих талаар тусгагдсан байгаа.

  • Хүн хоорондын зай барих
  • Амны хаалттай байх
  • 2 цаг тутамд агаар сэлгэх
  • Халуун үзэх, гар ариутгах зүйлийг үүдэндээ байршуулна.

Томоохон худалдаа, үйлчилгээний газар

  • Үүдэндээ халуун хэмжигч төхөөрөмж суурилуулах шаардлагатай.
  • QR код уншуулах боломжоор хангах.
  • Кассан дээр иргэдийг бөөгнөрүүлэхгүй байх шилэн хаалт хийх.
  • Ариутгалын бодис 5 хоногийн нөөцтэй байх

Хоолны газруудад

  • Үйлчилгээний танхимын хоорондын зайг 2 метр болгох
  • Хооронд нь шилэн болон хуванцар хаалт байрлуулах
  • Хэрэглэсэн аяга, тавгыг 3 шат дамжлагат дарааллаар зааврын дагуу тогтмол угаах
  • Төлбөрийг цахимаар авах

Диско болон бүжгийн баарыг хязгаарлаж байгаа юм. Харин караоке

  • Нэг өрөөний 50-аас хэтрэхгүй хүнд үйлчлэх
  • Үйлчлүүлэг бүрт хэрэглэгдэх микрофоны бүрхэвчийг тогтмол солих
  • 2 цаг тутам өрөөг ариутгаж халдваргүйжүүлэх
  • Өрөө бүрт гар ариутгал байршуулах

Үсчин, гоо сайхан, хумс засварт

  • Хүн хоорондын зай баримтлах
  • Ажилагсад нь амны хаалт, нэг удаагийн бээлий өмсөх, нүүрний хаалт, хормогч өмсөх
  • Нөөцийг 5 доошгүй хоногоор хангах
  • Үйлчлүүлэгчид цаг авч үйлчлүүлэх
  • Гоо сайхны өрөөнд зөвхөн нэг хүнд үйлчилнэ

Нийтийн халуун ус, усан бассейн, саун

  • Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилан захиалга авах
  • Халуун усны шүршүүр, массажны өрөөнд нэг хүн үйлчлэх
  • Бассейны усыг халдваргүйжүүлж, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулна

Амралтын газар

  • Тухайн амралтын газрын өрөө, орны хүрэлцээнээс хэтрэхгүй байх
  • Өглөө, өдөр, оройн хоолыг нэг цагт зохион байгуулахгүй байх
  • Аль болох өрөөнд нь хоолны үйлчилгээг үзүүлэх
  • Нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл хийх

Биеийн тамир, бялдаржуулах танхим

  • Сургалтын байр, тоног төхөөрөмж, зориулалтын хувцасыг тухай бүрт нь халдваргүйжүүлэх
  • Агаар сэлгэлт хийх
  • Олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах бол зөвшөөрөл авна
  • Үйлчлүүлэгч бүрийг амны хаалт, бээлийгээр хангана

 

 



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү