Б.Баатархүү: Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тогтоолгоно, одоогоор түүнийг 461 дүгээр хорих ангид саатуулсан


2021-04-05 12:30:36

Өнгөрөгч баасан гарагийн орой олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын начин Э.Энхбат нар нэгнийгээ хэвтэрт ортол нь зодсон хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан Н.Түвшинбаярыг 2021.04.04-нд буюу ням гарагт хойшлуулашгүйгээр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээллээ.

Тэрбээр "2021.04.02-ны өдрийн 21.29 цагт Хан-Уул дүүргийн I  хорооны нутаг дэвсгэрт "Залуу Монгол" корпарцийн байранд хүн зодолдоод байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын I  хэлтсээс хэргийн газарт очиж ажилласан. Холбогдох гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авсан.

Хохирогч Э.Энхбатын тухайд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт  хэвтэн эмчлүүлж байна. Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан тайлбар, мэдүүлэг авсан. Тухайн хүний биеийн байдал сайнгүй, эмчлүүлэх хүсэлт гаргасан. Үүнийг нь хангаж өгсөн. Гэхдээ хэрэгтэй холбогдуулан Н.Түвшинбаярыг хойшлуулашгүйгээр баривчлан  хорих 461 дүгээр ангид саатуулсан.  Уг хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа Хан-Уул дүүргийн цагдаагийн I  хэлтээс прокурорт хүргүүлсэн. Хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулах зүйл ангиар шалгагдаж байна.

Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тогтоолгохоор  шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү албан бичиг хүргүүлсэн" гэлээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү