Ц.Ганзориг: Батлагдсан тохиолдлын ойрын хавьталыг төлбөрөө төлбөл тусгаарлана


2021-04-06 14:52:19

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

УОК-ийн шуурхай штабын дарга Ц.Ганзориг "Сүүлийн үед коронавирус халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор ойрын хавьтал болон гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан шуурхай шийдвэрлэх асуудлыг УОК болон шуурхай штаб хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр гадаадаас иргэдээ татан авах төлөвлөгөөний дагуу Токиогоос 158 иргэнийг эх оронд нь авчирна. Токио руу нислэг үйлдсэн. Хэдэн цагт газардах нь тодорхойгүй байна. Эдгээр иргэдийн 9 зочид буудалд 7 хоног тусгаарлана.

Энэ сард 12 удаагийн тусгай нислэгээр 1200 орчим иргэнийг татан авахаар төлөвлөсөн. Энэ сарын 1-нд Сөүлээс иргэдээ татан авсан.

Маргааш Сөүл-Улаанбаатарын нислэгээр 160 иргэнийг татан авна. Цаашдаа хуваарийн дагуу иргэдээ татан авна.

УОК-ийн даргын 20 дугаар тушаалын дагуу тусгаарлан ажиглах түр журамд өөрчлөлт орсон. Өмнө нь гадаадаас ирж байгаа иргэдийг 10 хоног тусгаарлаж байсныг 7 хоног болгосон. 

Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж, 7 хоног тусгаарлах зохицуулалт орсон. Тухайн иргэн батлагдсан тохиолдлын хавьтал болсноо хэлж, өөрөө хүсэлт гаргавал тусгаарлах байрны төлбөрийг төлсөн тохиолдол 7 хоног байлгана.

Батлагдсан тохиолдлыг хэвтүүлэн эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, эмнэлгийн ажилчдыг 7 хоног тусгаарлана. Өмнө нь 14 хоног тусгаарладаг байсан.

Иргэдээ татан авалттай холбоотой агаарын тээврийн үйлчлэх багийнхныг 14 хоног тусгаарлаж байсныг 7 хоног болгосон.

Монгол Улсад суугаа дипломат газрын төлөөлөгчдийг тухайн дипломат төлөөлөгчийн газарт нь тусгаарлаж болох зохицуулалтыг мөн хийсэн.

Тусгаарлах байранд тусгаарлагдсан иргэнээс ПСР шинжилгээ авах ажлыг тусгаарлагдсанаас хойш 3 болон 6 дахь хоногт ХӨСҮТ, НЭМГ-ийн шуурхай баг авна.

Вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, ковид-19 халдвар аваад эдгэрсэн, тусгаарлагдах байранд тусгаарлагдахгүй иргэн вакцины тун авсан, халдвар аваад эдгэрсэн нотломжоо үзүүлж,  мэдээллээ үнэн зөв өгөх үүрэгтэй. Ингэснээр тухайн иргэнээс ПСР авах шаардлагагүй. Улмаар тусгаарлах шаардлагагүй гэсэн үг.

Гадаадаас ирсэн ажиллах хүч болон урилгаар ирж байгаа гадаад иргэдийн шинжилгээний төлбөрийг авчирч байгаа тухайн байгууллага хариуцна.

Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан иргэнээс халдвар илэрсэн үед хугацаа харгалзахгүйгээр ПСР шинжилгээ авч ажлыг ХӨСҮТ болон тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллага яаралтай зохион байгуулна.

Гадаадаас ирэхдээ вакцины тунг авсан иргэнийг гэрийн ажиглалтад 7 хоног байлгана. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэнийг тусгаарлах байранд тусгаарлахгүйгээр гэрийн ажиглалтад 7 хоног тусгаарлана гэсэн үг.

Коронавирус халдварт өртөөд эдгэрсэн хүн гэрээр 7 хоног ажиглана. Тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэсэн албан хаагч, ажилчныг гэрээр 4 хоног тусгаарлана гэсэн зохицуулалтууд орсон" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү