Хотын захиргаа он дуусахаас урьтаж Яармаг руу нүүнэ


2021-09-08 14:32:01

Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэвэл Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэсэн шийдэл гарчээ.  Үүний дагуу хотын захиргааны шинэ барилга болох 11 давхар гурван блок барилгыг Яармагт  ашиглалтад оруулахад бэлэн болсон учраас ирэх оноос өмнө буюу арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Засгийн газрын хурлын тогтоолоор эхний ээлжид нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, 16 агентлагын 900 гаруй алба хаагчдыг Яармаг дахь шинэ захиргааны байр руу нүүлгэх шийдвэр гарлаа. Замын түгжрэлийг сааруулахын тулд ийн шийдвэр гаргасан. Нийслэлийн хэмжээнд Баянхошуу, Шархад, Сэлбэ гэсэн дэд бүтцэд холбогдсон гурван төвүүд рүү зарим яам, тамгийн газруудыг нүүлгэх ажил мөн яригдаж байна. НЗДТГ-ын зүгээс бэлтгэл ажлыг хангаж, үе шаттайгаар нүүнэ.

Яармагт баригдсан гурван блок барилгаас өнөөдрийн байдлаар ганцхан блок нь ашиглалтад орсон. Үйлчилгээний буюу олон агентлаг нэг дор байрлаж ажиллах блокын барилгын ажил 70 гаруй хувьтай явж байна. Хөрөнгө оруулалт дутаж байгаа гэх шалтгаанаар барилгын ажил удааширсан. Нэмэлтээр 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ асуудлыг Засгийн газар, Сангийн яам ирэх жилийн төсөвт суулгахаар шийдвэрлэсэн. Мөн нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах зардлыг ч нарийвчлан хийнэ. Эхний ээлжид иргэд ихээр үйлчилдэг Захирагчийн ажлын албыг нүүлгэнэ. Ирэх жилийн намар гэхэд НЗДТГ-ын алба хаагчид Яармаг руу бүрэн нүүж дуусна. Харин “Хангарьд” ордон нийслэлийн өмч учраас дуудлага худалдаагаар худалдана. Өнгөрсөн жил 46 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн" гэв.

Засгийн газраас Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ыг барьж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

1.    “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны оффисын талбай болон иргэд олон нийтэд зориулсан талбайн дутуу ажлыг 2021 оны аравдугаар сард багтаан дуусгах.

2.    “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагуудыг цогцолборын “Б” хэсгийг дуусах хүртэл талбайн зохицуулалт хийж 2021 оны 12 дугаар сарын 31-ны дотор багтаан нүүлгэн шилжүүлэх үүрэг өглөө. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэн шиилжүүлэх нь түгжрэлийг бууруулах томоохон хүчин зүйл гэж үзэж байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү