С зөвшөөрөл олголт Засгийн газарт шилжиж, Хятадууд нүүрс тээвэрт хүч түрэх хуулийн төслөө эгүүлэн татахыг тээвэрчид шаардлаа


2022-05-19 12:44:32

Автотээврийн тухай хуульд нүүрсний тээврийн С зөвшөөрлийн талаар зохицуулалт орж байгаатай холбоотой “Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Монгол тээвэр нэг­дэл” ХХК хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ оны II улирлын байдлаар Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 300 гаруй тээврийн аж ахуйн нэгж байгууллагын 12000 гаруй задгай тэвш тээврийн хэрэгсэл, 8000 гаруй чингэлэг тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байгаагаас нийт тээврийн хэрэгслийн 10 хүрэхгүй хувийг л үндэсний хөрөнгө оруулалттай тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэл бүрдүүлдэг аж.

Одоогийн байдлаар хилээр 300 гаруй машин гарч, үйл ажиллагаа сайн явж байна. Энэ нь Ковидын үеэр хяналт дэглэмийн байдалд орчихсон байхад Шадар сайд, Сангийн Сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан 2022 оны тушаалаар уг боомтод тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах журам баталж, бөмбөлөг гэдэг юмыг үүсгэсэн нь тээвэрлэлтийг зохион байгуулалтад амжилттай оруулсантай холбоотой хэмээн хурал зохион байгуулагчид онцолж байлаа.

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ерөнхийлөгч С.Ганболд "2022.04.07-нд Хууль зүй, Дотоод Хэргийн сайд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийг уурхайнууд болон борлуулалттай уялдуулж нүүрс худалдан авагч талын саналын дагуу тээвэрлэгч байгууллагад олгоно гэж мэдэгдсэн. Үүний дагуу Автотээврийн нэмэлт хуулийн төсөл боловсруулагдсан байна. Энэ талаар санал бодлоо илэрхийлэх гэж энд цугласан.

Монгол Улсад нийт нүүрсний тээврийн 10 хүрэхгүй хувийг үндэсний компаниуд эзэлж байгаа. Хэрэв С зөвшөөрлийг худалдан авагч талдаа хариуцуулаад өгчихвөл эдгээр тээврийн компаниуд хүнд байдалд орохоос гадна ирээдүйд Монголд тээврийн компани байх уу үгүй юу гэдэг асуудалтай тулгарна" гэв.

УИХ-д “Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай“ хуулийн төсөлд өргөн баригдсан бөгөөд

  • 8.5-д “улс хоорондын уул уурхайн байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг олон улсын тээврийн харилцааны гэрээг үндэслэн Засгийн газар батална”,
  • 8.6-д “энэ хуулийн 8.5-д заасан зөвшөөрлийг уул уурхайн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн байдлаар уурхай бүрээр гаргасан экспортын бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээнд нийцүүлэн олгоно” гэж заажээ.

Хэрэв хуулийн төсөл батлагдвал С зөвшөөрлийг Засгийн газрын бүрэн эрхийн мэдэлд шилжинэ. Өөрөөр хэлбэл, Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг олголтыг ЗТХЯ, АТҮТ биш худалдан авагч тал буюу нүүрс худалдан авагч талын саналын дагуу олгож эхэлвэл өөрсдийн хамаарал бүхий хөрөнгө оруулалттай тээврийн компаниудад давуу байдал олгож үндэсний тээврийн компаниуд эрсдэлд орж үйл ажиллагаа зогсоох нөхцөл байдал үүснэ.

Төрөөс нүүрс тээврийн салбарт баримтлах бодлогоо тодорхой болгож үндэсний хөрөнгө оруулалттай тээвэрлэгч ААНБ-уудаа бодлогоор дэмжихгүй бол үндэсний компаниуд шахагдан гарах нь цаг хугацааны асуудал болж, нүүрс тээврийн салбар гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас 100% хамаарах эрсдэл бий болно гэдгийг тэд хэлж байлаа.

Мөн “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас худалдан авагч тал аль тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлүүлэхээ өөрсдөө шийднэ гэж мэдэгдсэн нь УРТЫН болон БОГИНЫН тээврийг гадны хөрөнгө оруулалттай тээвэрлэгч ААНБ-ууд нүүрсний тээврийг бүрэн хянах нөхцөл байдал үүсчээ.

Өмнөговь аймгийн Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Адъяасүрэн "Автотээврийн Үндэсний Төв С буюу олон улсад тээвэр хийх зөвшөөрлийг олгодог. Үүнийг тойрсон маргаан, авлига, хээл хахуулийн асуудал үүсдэг. Төрийн бус байгууллагууд болон тээврийн аж ахуйн нэгжүүд олон удаа Засгийн газарт энэ авлига хээл хахуулийн асуудлыг болиулах, тээврийн аж ахуйн нэгжүүдэд ижил тэгш эрх олгох саналыг тавьж ирсэн.

Гэвч харамсалтай нь Засгийн газар уг асуудлыг хялбархан буюу хуульд нэгхэн заалт оруулж өөрчлөхөөр өргөн барьжээ. Уг хуулийн төсөлд тээврийн салбар бус Сангийн яам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, уурхайнууд С бичгийг худалдан авагч буюу Хятадын талын аж ахуйн нэгжийн саналыг үндэслэж олгоно гэсэн байна. Тээврийн салбараа үгүй болгох хэмжээний хуулийн төслийг санаачлан өргөн барьж буйд тээврийн аж ахуйн нэгжүүд эмзэглэж байна.

300 гаруй тээврийн компани дотор 30 хүрэхгүй монгол компани татвараа төлөөд, ажилчдаа цалинжуулаад, баялаг бүтээгээд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгээд явж байна.

Хуулийн төсөлд зааснаар Монголын тээврийн яамны хийх ёстой ажлыг худалдан авагч болон уурхайнууд хийх гэж байгаа нь үндэсний аюулгүй байдлын асуудал болчихлоо сайд нараа. Засгийн газар энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, тээвэрчид болон бизнес эрхлэгчдийн үгийг сонсож хуульд өөрчлөлт оруулах биш дүрэм журмаа сайжруулах тухай ярихыг шаардаж байна" гэв.


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү