Ч.Сайханбилэг: 25-хан жилийн дотор товчилно гэдэг Холливудын кино найруулагч ч атаархтмаар монтаж юм


2014-12-07 11:23:01

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурал “Улаанбаатар палас”-ын их танхимд өчигдөр боллоо. Баярын хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ “Ардчилсан хувьсгал түүчээлэх баатартай, түрэх хүчтэй байсан. Нийгмийн өөрчлөлтийг уухайлан түрж байсан Монгол түмэн минь хүй элгээрээ Ардчиллын баатрууд юм” гэж онцлоод, нийт ард түмэндээ баярын мэнд дэвшүүллээ.

Улс үндэстний түүхийн хувьд 25 жил гэдэг маш богино хугацаа хэдий ч монголчууд ихийг амжуулсан. Нэг ч буун дуу гаргалгүй, нэг ч хүний амь эрсдүүлэлгүй тайван замаар нийгмийн тогтолцоог өөрчилж болдгийг Монголчууд дэлхий дахинаа харуулсан. Монголчууд улс төр, эдийн засгийн шинэчлэлээ нэгэн зэрэг явуулах хэцүү замыг сонгосон ч өнөөдөр бүс нутагтаа үлгэр жишээ болж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүллээ. Бусад орны 200 илүү жилийн түүхийг 25-хан жилийн дотор товчилно гэдэг Холливудын кино найруулагч ч атаархтмаар монтаж юм. Одоо “Би Монголд төрсөн” гэдэг хүний эрх, эрх чөлөө ханхалсан улс төрийн ололтоо “Бид Монголд үйлдвэрлэв” гэдэг эдийн засгийн эрх чөлөө, хөгжил дэвшлээрээ баяжуулах цаг биднийг хүлээж байна. Ардчилсан хувьсгал үргэлжилсээр байна” гэж Засгийн газрын тэргүүн баярын хурлын индрээс хэллээ.

Түүнчлэн, ойн хүрээнд бүтэн жилийн турш үргэлжлэх үйл ажиллагааг энэ өдрөөс эхлүүлж байгааг Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг зохион байгуулах үндэсний хорооны даргын хувиар зарлалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү