Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд гурван саяулаа болсныг тохиолдуулан мялаалга өргөлөө


2015-01-28 13:42:44

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Монгол Улсын хүн ам гурван сая болсныг тохиолдуулан Монголын ард түмэнд хандаж хэлсэн үг

МЯЛААЛГА

Туурга тусгаар, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улс гурван сая дахь иргэнээ тосож авлаа. Гурван мянганы эхэнд, Морин жилийн барианд, гурвалсан чандмань лугаа Монгол Улсын иргэд гурван сая болон өслөө. Юутай их баяр бахархал вэ! Монголчууд бид ерөөлөөр улам олуулаа болж байна. Манай Улсын хүн ам цаашид “Гурван сая” гэсэн билэгдэлт тоон дээр үргэлж өсч, үргэлж нэмэгдэн тоологдох болно оо. 

Хүний сайн, нутгийн сайхан цогцолсон Монгол Улсынхаа иргэн болж түмэн олныхоо магнайг тэнийлгэж төрсөн хүүхэд бүртээ төр түмнээ төлөөлөн чин сэтгэлийн сүүн мялаалга өргөе. Элбэрэл, ачлал дүүрэн ээж ааваа, өтгөс буурлуудаа, өрх гэрийнхэнээ баярлуулан ирсэн бяцхан үрсдээ баяр баярын дээдийг ерөөж, хамгийн сайн сайхныг хүсье. Эх Монгол орныхоо нэрийг дуурсгасан сайн хүн болж өсч торнихын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Их цагаан сүлдэндээ залбиран даатгая.

Монгол түмний гал голомт үргэлж бадарч яваг ээ. Эх үрсийн бие сайн, түшиг ихт түмний минь буян заяа тэгш байг ээ.  Монголын хүүхдүүд улам олуулаа болог ээ. Гучин буман Монголчууд минь эв бөх, хийморь өөдөө, эрх төгс, бүтээл арвин жаргаж яваг ээ. Түүх ихт төрийн минь сүлд тэнгэрийн тамгат Монгол үрсээ өнөд мөнх ивээх болтугай.

Хурай хурай хурай

2015 оны 1 дүгээр сарын 28

XVII ЖАРНЫ “ЯЛГУУСАН” ХЭМЭЭХ МОРИН ЖИЛИЙН

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ШИНИЙН ЕСНИЙ БАЛЖИННЯМТАЙ ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР, МОРИН ЦАГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү