Согтууруулах ундааны цагийн хязгаар тогтоохыг дэмжсэнгүй


2015-06-09 17:25:12
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 
 
 Хэлэлцүүлгийн шатанд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. Тухайлбал, төслийн нэгдүгээр зүйлийн 6.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нь харъяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно гэсэн заалтыг  гишүүдийн олонх дэмжих боломжгүй гэж үзэв.  Санал хураалтын явцад дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 
 
 Үүний дараа Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив. 
 
Мөн үүний дараа  байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  Хэлэлцүүлгийн шатанд  ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, тус хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 53.4 дэх хэсгийн “үл маргах” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-т заасан” гэж өөрчлөхөөр тогтлоо. 
 
Түүнчлэн гишүүд санал хураалтын явцад төслийн тухайн зүйл, заалтын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд хэлэхдээ, “Бид газар өмчлүүлээд 12 жил болж байна. Энэ хооронд газрыг өмч гэдэг утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах эрхийг өгөлгүй явж ирлээ. Хэдэн төгрөгөөр газраа өгчихнө гэдэг болгоомжлолоор. Энэ нь надад юу санагдуулаад байна гэхээр 1996 оны 11 дүгээр сар шиг санагдаж байна, би Төрийн өмчийн хорооны даргын хувиар Орон сууц хувьчлалын хуулийг УИХ-д оруулж байсан. Тэр үед би гишүүн байгаагүй. Тэгэхэд тухай үеийн МАХН, одоогийн МАН-ынхан цөөнх байсан л даа. Юу гэж ярьсан гэхээр орон сууц хувьчилбал бүгдийг нь урд хөршийнхөнд зараад дуусгачихна, бүгдээрээ гудамжинд гарна гэж байсан. Гэтэл тийм юм болоогүй л дээ, өмчийн эзэн өмчдөө хамгийн зөв, үр ашигтай ханддаг. Бид тэр эрх чөлөөг нь өгөх тухай л ярьж байна. Одоо 12 жил болж байна, боллоо. Хашааны газартай хүмүүст ганцхан сонголт тулгадгаа  болих хэрэгтэй шүү дээ, одоо. Мөнгөтэй, том компаниуд очиж газрыг нь хямдхан авч нэг өрөө байранд оруулдгаа болих хэрэгтэй.
 
Хашааны газруудаа 10, 20, 100-гаар нь нийлүүлээд том байшин зээлээр бариад, тэндээ өөрсдөө орж суугаад, илүүг нь зарж байшингийнхаа өрийг төлдөг системийг нэвтрүүлэх цаг нь болчхоод байна. Бизнес юм чинь үргэлж эрсдэл байна. Орон сууцтай хүмүүст бид орон сууцаа барьцаалж зээл авах эрхийг 1996 онд өгсөн шүү дээ. Тэрнээс буруудсан зүйл ердөө байхгүй. 100 айлын зах гэж байгаагүй юм, 1996 оноос өмнө. Орон сууц хувьчлал болсон учраас орон сууцаа засдаг зах зээл үүссэн юм. Маш олон хүн ажилтай болсон. Одоо энэ олон жилийн өмнөх шигээ ярьдаг, ард түмнээ хайрлаж, энэрч байгаа юм шиг популизмаасаа салах хэрэгтэй Нямдорж гишүүн ээ. Одоо больё. “Амьдрал” гэж өөрөө орон сууц хувьчлахад ярьж байснаа л ярьж байна. Орон сууц хувьчилснаар монголын ард түмэн алдаагүй. Хашааны газрыг та нар 2003 онд өгсөн, гэхдээ зарж борлуулах, барьцаалах эрхийг өгөөгүй 12 жил болжээ. Одоо өгье. Малыг малчдад өгөхөд нь бас бүгдийг нь алж идээд бүгдээрээ хотод орж ирнэ гэж хэлсэн. Тийм зүйл болоогүй. Одоо хашааны газрынх эрхийг нь өгье. Хашаагаа зарж, барьцаалж, өөрсдөө байшин барих эрхийг нь өгөх гэж байна. Мөнгөтэй, том барилгын компаниудыг дэмжихээ больё УИХ-ын гишүүд ээ. Өөрийнх нь хувь заяаг өөрт нь өгье” гэв. 
 
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараах асуудал  Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх байв. Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулсан. Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан боловч гишүүд гарсан  саналуудыг бүгдийг дэмжих боломжгүй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү