Авлига өгснөө илчилсэн Т.Ганболдын эцсийн зорилго юу байв


2019-01-09 09:29:48

“Алтан Дорнод”-ын гэх шошготой Т.Ганболд авлига өгснөө зарлав. Хэнд өгснөө ч нэр устай нь тодорхой илчилсэн. Эр зориг гаргаж, бизнесийн салбарынхан эхнээсээ ам нээж эрх мэдэлтнүүдэд дарамтлуулж, шантаажлуулж байснаа ярьж эхэллээ хэмээн олон нийт магтан сайшаав. Хачирхалтай нь энэ үгээ нэг биш нэлээд хэдэн удаа давтаж, телевизийн нэвтрүүлэг хэссэн нь анхаарал татна. Шулуухан хэлэхэд, тэр зориг гаргав уу, эсвэл зальжин зан гаргаж, зориуд Д.Дорлигжавыг онилов уу.

Т.Ганболдын энэхүү яриа анхны биш юм. 2014 онд буюу Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томилогдохоор яригдах үед энэ асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байв. Ямартаа Д.Дорлигжав чуулганы хуралдааны үеэр “Шуудхан хэлэхэд энэ бүхнийг Х.Тэмүүжин сайд хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хамаатантайгаа хийсэн. Нэгдүгээрт, Энэ бол гүтгэлэг гэдгийг хэлье. Хоёрдугаарт, Хууль зүйн сайд хүн аливаа мэдээллийг нягталж байгаад нийтлэх учиртай баймаар юм. Тийм учраас би үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдэж байв.

Мөн тухайн үед “Алтан дорнод монгол” компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл “Дөрвөн сая ам.долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. “Алтан дорнод монгол” хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтан дорнод монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлнэ. Ямар учиртай гүйлгээ болохыг тэр л хэлэх учиртай. “NRI” бол зөвхөн Т.Ганболд гэдэг хүний өөрийнх нь хамаарал бүхий компани. “NRI LLC” компани бол “Алтан дорнод монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан дорнод монгол” ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй” гэж мэдэгдсэн байдаг.

Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэх яриа бий. Гэхдээ Т.Ганболдыг үг үнэн үү, худал уу гэдгийг хуулийн байгууллага дэнсэлнэ. Гагцхүү түүний тоть шиг давтсан дөрвөн сая ам.долларын асуудлаар АТГ-аас Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр болон ажлын байранд нь үзлэг, нэгжлэг хийж, улмаар саатуулан шалгаж эхлээд байна.

Т.Ганболдын яриагаар Д.Дорлигжав албан тушаал, эрх мэдлээрээ сүрдүүлэн дарамталж дүүгийнхээ дансаар дөрвөн сая ам.доллар өөрөөс нь авсан. Тухайн үед өгөхөөс өөр аргагүйгээр дарамталж, хорьж цагдсан тухай тэрбээр ярьдаг. Уг мэдээллийг Д.Дорлигжав үгүйсгэж “2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас манай дүүгийн компанийн данс руу хоёр сая ам.доллар хоорондын тооцоо гэж орж ирээд, тэр өдрөө эргээд "Голомт" банкны зээлийн төлбөр гээд гарсан. "Голомт" банкны захирал руу 2011 оны арваннэгдүгээр сарын 14-нд албан тоот явуулж, данс руу төлбөр тооцоо ороод гарсныг тодруулсан. "Голомт" банкнаас манай дүүд тайлбар өгсөн. Т.Ганболдын “Pioneering" компаниас танай данс руу хоёр сая ам.доллар андуурч шилжүүлсэн тул мөнгийг буцааж шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу мөнгийг буцаасан гэсэн тайлбарыг банкнаас өгсөн. Тэгэхээр Т.Ганболдын ярьж байгаа 4 сая ам.долларын эхний хоёр сая доллар нь хоорондын тооцоогоо дуусгасан баримт” хэмээсэн юм.

Эгзэгтэй үед дэгддэг энэ яриа өдийд яагаад дахин амь орж, Т.Ганболд хэлд оров гэдэг нь сонин. Улс төрд өнөж байгаа өнөөгийн үйл явдлаас харвал Д.Дорлигжав бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэх тодотголтой хүн. МАНАН бүлэглэлийг үгүй хийхийн тулд М.Энхболд, Ц.Элбэгдорж нарыг хуулийн хонгил руу чирэх санаархал олон хүний амнаас цухалзах болсон. Тиймээс Эбэ рүү чиглэсэн улс төрийн нүүдэлдээ Д.Дорлигжавыг “бяслаг” болгон ашиглаж байж ч мэдэх л юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү