А.Отгонбаатар: Маргааш болох жагсаал бол “HERO”-гийн Б.Баатарын найруулгатай Л.Оюун-Эрдэнийн дэглэлттэй жүжиг


2019-01-09 10:43:12

“Үнэн ба Зөв” намаас хэвлэлийнхэнд хандлаа. Шалтгаан нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардаж, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болсон аж.

Энэ тухай тус намын дарга А.Отгонбаатар “Манай намаас МАН-аас мөрийн хөтөлбөрийн амлалтыг биелүүлэхийг шаардаж байна. Улс төрийн нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө сонгуульд оролцдог. Гэтэл МАН нь 1992 оноос хойш “Эх орон, ард түмний төлөө” гэсэн уриатай оролцож байсан. Мөн “Төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас авръя”, “Таны төлөө таньтай хамт”, “Шударга ёс, хариуцлагатай төр”, “Дэвших хөгжил, дэвжих амьдрал”, “Хөгжлийг харилцан шүтэлцэх дөрвөн тулгуур” зэргээр уриалсан. Харин 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар “Иргэдээ ядуурлаас аварч, эх орноо өрөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг Монголыг цогцлоож чадна” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж улмаар УИХ-д 65 суудал авсан. Гэвч амлалтадаа хүрсэнгүй.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй улс төрийн намыг дараагийн сонгуульд оролцуулдаггүй” байх хуулийн төслийг  санаачилаач гэж хүсч байна. Хэрвээ хуульд энэ заалтыг тусгавал, АН, МАХН, МАН ирэх 2020 оны сонгуульд оролцохгүй байх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн ирэх пүрэв гарагт зохион байгуулах жагсаал бол “HERO”-гийн Б.Баатарын найруулгатай Л.Оюун-Эрдэнийн том дэглэлттэй жүжиг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг  дарга аа гээд явж байсан. У.Хүрэлсүх ч бас адил. Гэтэл өнөөдөр энэ хүмүүс шударга ёс гэж ярьж байгаа нь тохиролцоо. Би өмнөх жагсаалаар “МАН тар” гэхээр индэр дээр гарах гэсэн. Гэтэл намайг гаргаагүй, оролцуулаагүй. Жагсаалд ирээд оролц гэсэн. Оролцоод үгээ хэлье гэхээр “Чи өөрийнхөө үгийг хэлж болохгүй. Зөвхөн бидний бэлдсэн үгийг хэлнэ” гэдэг. МАН-ыг татан буулгая гэдэг асуудлыг хөндөхгүй бол өнөөдөр Монголд цэвэршилт явагдахгүй гэсэн юм. .

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү