ЖДҮ-чин дөрвөн гишүүнтэй хариуцлага тооцох эсэх нь У.Хүрэлсүхээс шууд хамааралтай


2019-01-09 11:33:32

Хууль бус үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй хэмээн журмын нөхөддөө, олон нийтэд тангараг өргөж байсан Ухнаагийн хүүгийн үг хийрхэл үү, хүсэл зорилго уу гэдгийг мэдэх боломж тун амархан.

Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт хүргүүлээд байгаа. Эдгээр гишүүд өөрсдийн  хамаарал бүхий компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж, өдгөө яллагдагчаар татах үндэслэл бий болсон.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл байдал илэрсэн учраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргасан юм. Уг хүсэлтийг ирсэн даруйд прокурорын байгууллагын саналыг хүлээж авах, эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахаар зарлажээ. Гэвч хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлов.

Ганц эл дэд хороо ч бус парламентын үйл ажиллагаа бүхэлдээ гацаанд орчихоод байгаа. Гишүүдийг ажилдаа ирэхийг сануулахад “Барилга хот байгуулалтын сайд Х.Бадельханыг хуралдаа ирж суухыг сануулж, утсаар ярихад хуралд суухгүй. Битгий суугаарай гэсэн үүрэг өгсөн” хэмээн хариулсан талаар С.Бямбацогт гишүүн хэлж байв. Иймэрхүү байдлаар намын даргын даалгавараар хуралдаа сууж чадахгүй олон гишүүн бий аж.

Дээрх нэр бүхий гишүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын таван гишүүн харьяалагддаг. Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх “Дэд хороог хуралдуул” гэхэд үг дуугүй гүйгээд очих нөхөд тус хороог бүрдүүлдэг гэсэн үг. Иймээс нэр бүхий гишүүдтэй хариуцлага тооцох эсэх нь У.Хүрэлсүхийн хүсэл тачаалаас шууд хамааралтай.  

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк ЖДҮХ сангаас долоон хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээл авсанаас өдгөө иргэд үгээ хэлж, үсээ зулгааж байна. “Капитал” банкаар дамжин иргэдэд олгогддог тэтгэвэр, тэтгэмжийг бусад банкууд руу шилжүүлэн олгож эхэлсэн билээ. Тиймээс “Капитал” банкнаас тэтгэвэр, тэтгэмжээ авдаг иргэд цалин тэтгэврээ авч чадахгүй банкны хаалга мөргөсөөр удлаа.

Гол нь дээрх дөрвөн гишүүн ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй гэх албан бус мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэл тогтоогдсон тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр өргөн барьсан аж.

Юутай ч улиг болсон 60 тэрбумаа сэвж, М.Энхболдтойгоо орооцолдож, ЖДҮ-чдээ хамгаалсаар байх уу, эсвэл ганц дохиод гишүүдээ цуглуулж, хариуцлага тооцож эхлэх үү гэдгийг харах л үлдэх шив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү