Л.Болд гишүүн Бодьцамхагийн газраа тайлбарлах шаардлагатай болов


2019-01-09 16:27:15

“Жагсаал зохион байгуулаад байгаа Л.Болд гишүүнд би Бодьцамхаг баригдсан газрыг авч өгч байлаа” хэмээн УИХ-ын дарга М.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр хэлэв.

Мөн тэрбээр “Сүүлийн үед нэг хүн рүү, над руу дайрах гүтгэх нь хэр хэмжээнээсээ хэтэрлээ. Надаар зогсохгүй гэр бүл, үр хүүхэд рүү минь дайрах ажил явагдаж байна. Аливаа зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой гэж боддог. Энэ бүхэн хуулиар тогтоогдож ил тод болох байх. Улаанбаатар хотын удирдлагаар 5-6 жил ажиллахдаа намайг газар зарсан гэж ярьж байгаа. Үнэхээр үндэстэй гэж байгаа бол цагдаа, тагнуул, хууль хяналтынхан, Засгийн газар нь байна, шалгаж болно. Би тухайн үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу батлагдсан газруудыг олгож, олон ажлын байр бий болгож, хотын өнгө үзэмжийг нэмэхэд хувь нэмрээ оруулсан.

Одоо тэр жагсаад байгаа Л.Болд гишүүнд Бодь цамхгийг барих газрыг би өгсөн. Л.Болд гишүүн тэр газрыг юугаар авснаа хэл. Дараад хойшлуулаад байгаа асуудал надад огт байхгүй. Би Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг дэмжиж байгаа. Зөв гэж бодож байгаа" гэсэн юм.

Төрийн тэргүүний зүгээс өргөн барьсан УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Хуралдаанд тэр бүр үзэгдээд байдаггүй Б.Наранхүү гишүүн хүртэл оролцсон. Тэр бүү хэл үг хэлсэн нь энэ хурлын сонин содон үйл явдлын нэг байсан гэхэд хилсдэхгүй биз.

Тэрбээр “Бид өмнөх дөрвөн жилд зодолддог газар нь Засгийн газар байсан. Одоо бидний зодоон хоёр дахин нэмэгдэж байна. УИХ-ын даргын суудал дээр бие биентэйгээ зодолдох нь. Хоёр дахин ихсэх зодооноо Монголын парламент дийлэхгүй шүү. Зодоон хоёр дахин ихсэхэд дахиад хоёр дахин өснө. Хүн гүтгэх болохоороо тэр шүүх хамаагүй гэж дайрч давшдаг. Үүн дээрээ сайн анхаараарай” хэмээв.

Хуулийн төслийг өргөн барихаас аргагүйд хүрсэн шалтгааны талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Хууль тогтоох дээд байгууллага нь хуралдаж чадахгүй байна. Түүнээс биш МАН-ын Удирдах зөвлөлөөс гарч байгаа шийдвэр, 40 гишүүнтэй холбоогүй. УИХ-ын олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх хүсэлт өргөн барьсан тохиолдолд хэлэлцэнэ. Үүнд Ерөнхийлөгч хамаагүй” хэмээсэн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төр дархлаатай байх ёстой. Өнөөдрийн 76 гишүүн бол цаг зуурын үзэгдэл. Төрийн босго өндөр, дархлаатай байх ёстой.  Өнгөрсөн 4 жил УИХ-ын даргаар З.Энхболд даргыг ажиллах хугацаанд Засгийн газрын гишүүн нь 19 гишүүний гарын үсэгтэй огцордог асуудал байхгүй болсон.  Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл Ерөнхийлөгчийн хийх ажил биш. Яг үнэндээ 64 суудалтай МАН-ын бүлэг төрийг гацаасан буруугаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Үүнийг иргэд, сонгогчид намын гишүүд нүүр нь улайн харцгааж байна.  Тиймээс би УИХ-ыг тарахыг  уриалсан. АН энэ талаар төсөл боловсруулж, Ж.Батзандан гишүүн гарын үсэг зурах юм байна. Миний бланк дээр бас гарын үсэг зураарай. Бүгдээрээ төрийн дархлаа руу халдахын оронд энэ төрөөс явчих хэрэгтэй. Төрийн дархлаа сайн байх ёстой. Гэхдээ энэ хуулийн заалтыг өнөөдөр батлах л байх. Ядаж батлахдаа 3/2-оор огцруулдаг заалтыг хийж өгөөрэй. Энэ бол төрийн том дархлаа шүү. Эрх мэдэл мөнхийн биш шүү” хэмээсэн бол гишүүн Ж.БатзанданЭрх баригч нам УИХ-ыг тараая гэж санал гарга. Харин тарахаасаа өмнө Эрдэнэтийн 49 хувийг Асгатын ордыг ард түмэнд нь авчирна шүү. Тайван замаар УИХ-аа тараагаад явбал яасан юм бэ. Ганц өгүүлбэртэй хуулийн төсөл батлаад гацаанаас гарна гэж итгэхгүй байна” хэмээсэн юм.

Хэрэв байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа 40 хоног гацаагүй бол өнөөдөр ийм зүйл яриад суухгүй байсныг З.Энхболд гишүүдэд сануулсан.

Ардын намын хуваагдал дээр Ерөнхийлөгч дундуур нь хагалах асуудал гаргаж болохгүй хэмээн гишүүн Д.Эрдэнэбат онцолсон. Тэрбээр “УИХ тарах хэрэгтэй. Өнөөдөр хууль оруулж ирж танилцуулж байгаа З.Энхболд дарга УИХ-ын дарга байсан. УИХ-ын зовлонг З.Энхболд дарга дэндүү сайн мэднэ. Эрх мэдлийн төлөө хэн нэгнийгээ гүтгэн доромжлох эрх байхгүй. Ц.Нямдорж гишүүн УИХ-ын дарга байсан. УИХ-ын тухай хууль 2006 онд батлагдсан. УИХ-ын дарга гэдэг Үндсэн хуулийн дархлаатай байгуулагдсан. Маргааш АН-ын бүлэг УИХ-ыг тараах бичиг оруулж ирнэ. Ж.Батзандан гишүүн УИХ-ын гишүүний тухайд гарын үсэг зураарай” хэмээв.

Эцэст нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх дэмжсэн.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү