М.Энхболд огцрох нь ард түмний хүсэл үү, дөрвөн гишүүний шунал уу


2019-01-10 16:11:24

Ард иргэд юуны төлөө төв талбайд жагсав. М.Энхболдыг огцруулахаар ажил албаа хойш тавьж, хүйтнийг ч үл харгалзан Сүхбаатарын талбайг гороолж өнжсөн гэвэл эндүүрэл юм.

Харин алдангиар амь хорлох гээд байгаа лизинг, СӨХ болон орон сууцны конторын мөнгө, тэр их өрийг дарж хүрэхгүй цалин хөлс, замын түгжрэл, утаа униар, өдрөөс өдөрт нэмэгдэх өргөн хэрэглээний барааны үнэнд бухимдаж, стрессдсэндээ Чингисийн хөшөөний өмнө цугласан талаар цөөнгүй иргэд хэлж байв.

Тэр бүү хэл, 25 жил бугшсан бухимдлаа энд гаргахаар ирлээ хэмээх ахмадууд ч олон тааралдаж байв. Үнэндээ ч М.Энхболд огцорлоо гэхэд иргэдийн амьдрал сайжрах уу, шатахууны үнэ буурах уу. Энэ хүн албан тушаалаа өгсний маргааш нар өөр газраас мандаж, шударга ёс тогтчихно гэвэл бас л төөрөгдөл.

Мэдээж том чулууг хөдөлгөхийн тулд жижиг чулууг ганхуулах хэрэгтэй. Энэ үүднээсээ М.Энхболд МАНАН-гийн эд эс мөн бол огцрох учиртай. Тэр ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн. Төрийн тэргүүний зүгээс өргөн барьсан хуулийн төслийг ямар ч тээглэх зүйлгүйгээр зүтгүүлж, батлуулна гэдгээ ч хэлж байна билээ.

Тийм атал нэр бүхий гишүүд иргэдийн бухимдал дээр дөрөөлж, жагсаал зохион байгуулж, тэр бүү хэл, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлж, төв талбайд гэр барьж эхлэх нь юуных вэ.

Нөгөөтэйгүүр, 60 тэрбум, ЖДҮ хоёрын аль нь ариун явдал вэ. Урлагийнхнаар чимэглэсэн жагсаалын үеэр ЖДҮ-гийн тухай ам нээхгүй гагцхүү 60 тэрбум хийгээд М.Энхболдыг огцруулах асуудлыг хөндөх учиртайг зохион байгуулагчид онцолж байх.

Төрийн ордонд ч эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хамаарал бүхий компаниараа ЖДҮХС-гаас зээл авч, тэр бүү хэл, зориулалтын бусаар ашигласан нэр бүхий дөрвөн гишүүний халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг дэд хороо хүлээн авахаас татгалзсан нь хачирхалтай.

Хууль бус үйлдлийг өөгшүүлэхгүй, хуулийн байгууллага асуудлыг оруулж ирвэл гараа өргөөд дэмжихээ илэрхийлж байсан У.Хүрэлсүх ч таг. Жагсагч дүү нартайгаа уулзаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах зар түгээхээс өөр зүйлээр гараа хөдөлгөсөнгүй.

Уг нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг, дөрвөн гишүүнийхээ асуудалтай чуулганаар хэлэлцээд аль алиныг нь дэмжчихвэл өнөөгийн гацаа үгүй болж, өнөөх шударга ёс нь тогтох бус уу. Гэр барьж сүржигнэж, бухимдсан олноор өөрийгөө гоёхын оронд дөрвөн гишүүн хуралдаа сууж, асуудлыг хэлэлцэж дэмжихэд тэдний хүсээд байгаа зүйл ч биелэлээ олчих боломжтой.

Гэвч М.Энхболд л үгүй бол шударга ёс тогтож, шуурга намжиж, нар гарч, амьдрал сайхан болчих мэтээр иргэдийг төөрөгдүүлнэ.

Өмнөх жагсаалд 300, 3000 хүн цугласан гэх маргаан өдгөө ч талцсан талуудаас цухалздаг. Энэ удаад жагсагчдын тоог нэмэгдүүлэхийн тулд орон нутгийнхныг ч мөн тээвэрлэн авчирсан аж. Мөн Төрийн ордон дахь У.Хүрэлсүхийг дэмжигч гишүүдийг туслах, зөвлөх, бие төлөөлөгчдийнхөө хамт Жанжны талбайд гарахыг үүрэгджээ. Үүний буянд ч энэ удаад 3000 хүн цугласан байж мэднэ. Юутай ч өмнөхөөсөө олон хүн цуглаж чадсан. Гол нь зохион байгуулалтайгаар олон хүн цугласан харагдууллаа гээд шударга ёс тогтох уу. 60 тэрбум гэх сэдвээр УИХ-ын даргыг огцруулаад ЖДҮ-гийн сүүдэр арилах уу гээд олон асуулт хариултгүй хоцрох нь нэр бүхий дөрвөн гишүүний эцсийн зорилго байж мэдэх юм. МАН-ынхны зодоонд АН-ын хоёр гишүүн хэлмэгдчих вий дээ, хөөрхий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү