Дөрвөн гишүүний асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ


2019-01-11 10:50:17

40 хоног гацаанд орсон чуулганы хуралдаан урд шөнө хаалгаа нээв. Өдрийн цагаар хуралдаа ирдэггүй гишүүд шөнийн 02.12 цагт 77.3 хувийн ирцтэйгээр нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг огцруулах эсэхийг хэлэлцсэн.

УИХ дахь дэд хороо, байнгын хорооны хуралдаанаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн билээ. АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж цаг хэт орой болсон байгаа тул нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар дөрвөн цагийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. Ийнхүү гишүүдийн асуудлыг иргэд унтсан сиймхийгээр бус өдрийн цагаар хэлэлцэхээр болсон юм.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон.

Харин Төрийн тэргүүнээс өргөн барьсан  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын даргыг огцруулах тус хуулийн төслийг гишүүд дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.     Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын прокурорын саналыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/91 тоот албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан танилцуулсан.

    Улсын Их Хурлын дээрх нэр бүхий гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. 

    

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү