Б.Ундармааг УИХ-ын гишүүнээр нь хэвээр үлдээв


2019-01-11 17:13:57

Өдрийн талыг элээн байж цугласан гишүүд УИХ-ын гишүүн Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь тогтоогдсон тул яллагдагчаар татахаар болсон тухай прокурорын үндэслэлд дурьдсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "ЖДҮХС-д манай Архангай аймгаас 45 хүн нийтдээ 850 сая төгрөгийн зээл авах хүсэлтийг ХХААХҮЯ-нд санал тавихад шийдэгдээгүй байгаа юм. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Би тойргийн сонгогчдодоо яаж тайлбарлах вэ? Энэ бол байж болохгүй асуудал" хэмээсэн.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Би үүнийг хэрэг мөн гэж үзээд оруулж ирж байгаа. Яагаад гэвэл ард нийтийн тэгш байдалд албан тушаалаа урвуулан ашиглаж, авсан. 1034 төсөл ирүүлснээс 234 иргэн, аж ахуй нэгжид зээл өгсөн. Гэтэл оруулж ирж байгаа гишүүдийн материал эхний 1000 гаруй төсөлтэй хасагдахаар байсан. Авсан зээлээ зориулалтаар нь зарцуулаагүй. Өөрийнх нь хамааралтай, эсвэл өөрөө хэрэглэсэн байна гэж оруулж ирээд байгаа юм. Яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой гэсэн шийдвэр гаргасан" хэмээсэн юм.

Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Д.Лүндээжанцан "Халдашгүй байдлын дэд хороо “хэрэг мөн байна”, “хэрэг биш байна” гэсэн дүгнэлт гаргаагүй. Шалгалтын ажиллагаа дуусаагүй байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй үлдээснээр халдашгүй дархан байдал нь хэвээр үлдэж байгаа асуудал биш. Энэ удаад түдгэлзүүлэх боломжгүй байна гэж үзсэн" гэлээ.

Гэвч гишүүдийн олонх Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү