М.Энх-Амгалан: Энэ 76 гишүүнээс хэд нь ЖДҮ асуудлаар орж ирэхийг бүү мэд


2019-01-11 18:04:00

УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д оруулж ирсэн. Тэдний асуудлыг яг одоо УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Эхний удаа УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцээд түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв. Прокуророос оруулж ирсэн саналаар хамаарал бүхий компаниараа ЖДҮХС-гаас  зээл авсан гэх УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн  эрхийг түдгэлзүүлэх асуудлыг одоо  хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эдгээр дөрвөн гишүүнийг хамгаалж үлдсэн Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүнийг ихэд шүүмжилсэн юм. Хариуд нь  УИХ-ын гишүүн  Ө.Энхтүвшин “УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал хаалттай болсон. Бид таван гишүүн ярьж байгаад энэ гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй шалгуулья гэж шийдсэн”гэв. Түүнчлэн Ж.Мөнхбөт “Одоо бол зөвхөн Б.Батзориг сайдаас хойшхи асуудлыг ярьж байна. Бусдыг нь яах вэ” гэдэг асуултыг тавьсан. Тэгэхэд Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Ер нь шалгагдаад дуусч байгаа. Удахгүй бусдыг нь оруулж ирнэ” гэв. Мөн тэрбээр “Яллагдагч Б.Батзориг сайд түрүүнд  ярьсан. Үнэхээр энэ хүний ярьсан шиг ном журмаараа зээл олгогдсон бол бид хамаг ажлаа алдаад зөвхөн энэ асуудлыг шалгаад байж байхгүй. Цаана нь Оюутолгой, Дубайн гэрээ,Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд асар олон зүйл бий. Бид сүүлийн хоёр сар зөвхөн ЖДҮ-г шалгалаа. Үнэхээр хүн хүч хүрэхгүй байна. ЖДҮХС-гаас зээл авсан асуудал бол албан тушаалаа урвуулан ашиглаж,иргэдээс боломжийг нь булааж авсан хэрэг мөн. Энэ 76 гишүүнээс хэд нь ЖДҮ асуудлаар орж ирэхийг бүү мэд. Ямар ч байсан нэлээд олон гишүүн байцаалт өгсөн” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү