Шөнө дундын ярианы төгсгөл “Уучлаарай” гэх үг байв


2019-01-12 12:17:44

“Уучлаарай” гэх үгийг бие бие рүүгээ харин ч нэг шидэлж гарлаа, урьд шөнө. Тодруулбал, урьд шөнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг гишүүний олонхийн саналаар чөлөөлдөг болох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр нэгийгээ чөтгөр бүүр цаашлаад хулгайч хэмээн хэлж байсан нөхөд алдаагаа ухамсарласан уу, аль эсвэл нэгнийхээ халаасанд орсон уу биенээсээ уучлал гуйв.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Өнөөдөр өдөр иргэдээ хүндэтгэж, гадаа суулт хийж буй иргэдээ ойлгож М.Энхболд дарга маань хуулийн хүрээнд гарц гаргаж байгаа юм байна гэж ойлголоо, танд талархал илэрхийлье. Жагсаал болсон өдөр амаргүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл яаж эргэн очиж жагсагчдыг тараах вэ гэдгээ бидний хувьд мэдэхгүй, тухайн үед шоконд орсон байсан. Таны өрөөнд миний зүгээс ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга таниас уучлалт хүсч байна. Хүлээж авна уу гэж хүсч байна. Бидний хүлээлттэй ирсэн нөхцөл байдалтай зөрчилдсөн учраас жагсаал дээр болсон нөхцөл байдлыг харгалзан тийм зүйл болсон гэдгийг танд хэлэхийг хүсч байна. Танд бас баярлалаа. Хувь хүнд зориулж хууль батална гэдэг бол тийм ч сайн зүйл биш. Энэ бол парламентын дархлаа, бусад зүйлтэй холбоотой гэдэгтээ одоо хүртэл би санал нэг байна. Одоо хүртэл танд өөрөө өргөдлөө гаргах боломжит хувилбар байгаа. Та бол УИХ-ын дарга, түүхэн хүн. Тэгэхээр үүнийг бодолцож заавал энэ хуулийг хэлэлцэлгүй шийдэх хугацаа байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Ямар ч байсан хуулийн хугацаанд энэ асуудал шийдэгдээд явах юм байна гэж ойлголоо” гэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат бие биедээ хатуу үг чулуудсан учраас нэгнээсээ уучлалт гуйна гэсэн гэдгийг Д.Лүндээжанцан хэлсэн юм. “Гишүүд ойлголцож, нэгнээсээ уучлалт гуйгаад явна гэж манайхан ярьсан” гэдгийг тэрбээр онцолсон юм. УИХ-ын гишүүн Л.Болд “Нэгдүгээр сарын 10-нд хувьсгалт үйл явдал үүссэн гэж бодож байна. Өнөөдөр түүхэн, сайхан үйл явдал болж байна. Үндсэн хуулиа баталсны ой тохиож байна. Үндсэн хуулийг батлалцахад байсан хоёр гишүүн нь Д.Лүндээжанцан бид хоёр. М.Энхболдын асуудал биш нийгмийн өмнө үүсээд байгаа хувьсгалт үйл явц өнөөдөр цаашдаа хэрэгжих өөрчлөлтийн давалгаа үргэлжилж байна. Та бид бол Монгол эхээс төрсөн, сайн сайхны төлөө л явж байгаа улс. Үнэн тэртээ тэргүй тогтоогдоно. Зүгээр ажлаа хийж байгаа хүмүүсийн хувийн бизнес рүү дайрсан, жагсаал дээр хүмүүсийг үймүүлсэн, ар гэр, эхнэр хүүхэд, хамаатан, найз нөхөд, орон гэрийг үнэлсэн, Монголын нийгэм маш эвгүй харагдсан. 1990 онд бид эв эеэ олоод, эвлэрээд цуглаан жагсаал нь элдэв мөргөлдөөнгүй сайхан эв зүйгээр шийдэж өнөөдөр хэн ч хаана ч Монголын ардчиллын ололтыг ярьдаг. Би түргэдээд, маш их цочирдоод тухайн үед нөхцөл байдал аюултай болох вий гээд нотлогдоогүй мэдээлэлдээ таны нэрийг оруулсандаа үнэхээр уучлалт гуйж байна” гэлээ. Ийн харилцан уучлалт гуйлт Ж.Мөнхбат гишүүн дээр ирэв. Тэрбээр мөн л дахиад худал, үнэнийг нь шалгаагүй мэдээлэл өгсөндөө уучлалт гуйлаа. Тэрбээр “Жагсаал цуглааны үеэр Л.Болд гишүүн Н.Номтойбаяр бид хоёрыг 200 хүн цуглуулж цуст мөргөлдөөн хийх гэж байна, цагдаагийнхан ард нь байгаа юм байна гэсэн худал гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсанд харамсаж байна. Өнөөдөр надаас уучлалт гуйж байгааг хүлээн авлаа” гэв.

Үүнээс үзэхэд хууль тогтоогчид худал мэдээлэл хийж, биенээ гүтгэсэндээ уучлал гуйж болдог юм байна. Харин ард түмэндээ худал ярьж байгаа үйлдлийг яах вэ. Хэзээ ард түмнээсээ уучлалт гуйх вэ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү