Я.Содбаатарыг үүрэг ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ


2019-01-31 16:28:53

Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  Хуралдааны эхэнд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахлахаар боллоо.

    Үргэлжлүүлэн Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. 

    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Засгийн газрын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор өргөн мэдүүлээд, Ерөнхий сайд энэ тухай Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэхээр тус тус хуульчилсан. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлсэн талаар дурдлаа. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Эрдэнэбат асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг  үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

     Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү