УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон ЗТХ-ийн сайд Я.Содбаатар нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тэднийг чөлөөллөө. Чуулганы хуралдааны эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр Ц.Цогзолмаа Засгийн газрынхаа эсрэг ажилласан учраас огцруулах үндсэн шалтгаан нь болсон гэдгийг хэлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Сар шинээс өмнө хэрүүл болиод ажлаа яримаар байна. Шөнө дунд хүртэл хүн ярьдаг боллоо. Өнөө маргаашдаа багтаагаад хүний асуудлуудаа дуусгаж чадах уу. Ерөнхий сайдаа та давхар дээлгүй сайд оруулж ирж чадах уу. Танай намын зодооноос болж  гишүүдтэй  “Сайн байна уу” гэж мэнд мэдэж ч чадахаа байлаа. Дуугарвал дэмжиж байгаа болчих гээд байх юм. Боловсролын салбар хамгийн чухал. Сайн засаг гэдгийг би боловсролын салбартаа хэр анхаарал хандуулж ажилладгаар дүгнэнэ. Ц.Цогзолмаа сайдаас давуулсан хүнийг томилмоор байгаа юм. Энэ хүн чамгүй сайн ажилласан. Гэхдээ саар зүйл ч бий. Илүү сайн хүнийг томилно  шүү" гэсэн. Харин энэ асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ долоо хоногтоо сайд нарын асуудлыг хэлэлцэж дуусгана. Он гарах гэж байна. Гарч буй шинэ ондоо хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцээх жил байх болно. Би Ерөнхий сайдаар томологдохдоо танхимын гишүүдээ парламентаас бүрдүүлнэ гэдгээ хэлж байсан. Энэ байр сууриндаа хэвээрэй" гэв.

 УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Энэ асуудлыг яаралтай шийдэх байсан юм. Ерөнхий сайдыг орж ирсэн дээр хэдэн зүйлийг хэлье. БСШУСЯ болон Зам тээврийн яам хамгийн хүнд салбарын нэг нь яах аргагүй болсон. Дандаа улс төрийн шалтгаанаар  сайд нар нь солигдож байна. Үлдсэн богино хугацаанд давхар дээл гэж зарчмаа ярилгүйгээр мэргэжлийн хүнийг нь гаднаас томилмоор байна. Ашиг сонирхлын зөрчил, ёс зүйг энэ Засгийн газар мөрдөж байна гээд ЗТХ-ийн сайд нь ёсзүйн хариуцлага хүлээж огцорч байгаа. Дараагийн хүнд  ёсзүйн асуудлыг нь сайн тооцоолоорой. Нийслэлийн  даргын асуудлыг хурдан шийдмээр байна. Иргэдийн дунд асар их шүүмжлэл байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Сая хөдөөгөөр явж байх үед нутаг орны иргэд маань Ц.Цогзолмаа сайдыг битгий огцруулаач гэж хүссэн. Ц.Цогзолмаа сайд ажлаа сайн хийсэн шүү. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чадалтай мэдлэгтэй хүнийг тавих талаар анхаараарай.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Засгийн газрын гишүүддээ баярлалаа. Өнгөрсөн богино хугацаанд салбарынхаа хамт олонтойгоо 30 жил хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө эрчтэй хүчтэй ажилласан. Сайн муу ажилласан эсэх нь цаг хугацаагаар тодорхойлогдох байх аа. Ёс зүйг би юу юунаас илүүтэй эрхэмлэдэг. Энэ зарчмаа барьж улстөрийн шийдвэр гаргасандаа салбарынхнаасаа уучлалт гуйя. Анх ажил хүлээж авахад 13 яамны хамгийн сүүлд нь байсан. Ерөнхий сайдаас хичээнгүйлэн хүсэх нэг зүйл байна. Би энэ салбараас явж байгаа юм чинь гээд дуугүй өнгөрөх ёс зүй надад байсангүй. Манай салбар маш том салбар. Манай яамд гурван сарын өмнө томилогдож ирсэн хууль ёсны гэж хэлж байгаа Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч ажиллах боломжгүй, ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн учраас энэ салбарт зөв, сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнээр Төрийн нарийн бичгийн даргыг томилох тал дээр онцгойрон анхаараарай. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг солихгүйгээр цааш бодлого шийдвэр явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах боломжгүй, ямар ч боломж өгсөн албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүн. Би өнгөрсөн хэдэн сар гадагш гаргаж ярихгүйгээр тэвчиж салбараа бодож ажилласан. Надад хувиа хичээх эрх байхгүй. Хэдий би явж байгаа ч гэсэн үүнийг салбарынхаа төлөө хэлж байгаа юм шүү" хэмээсэн. Ингэснээр нийт гишүүдийн 71.4 хувь нь Ц.Цогзолмааг сайдын суудлаас огцруулахыг дэмжлээ.

Дараа нь ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар Я.Содбаатар сайд хариуцлага хүлээж байгаа. Энэ зээл төлөгдсөн үү. Хэзээ буцаан төлсөн мөнгийг ямар хэлбэрээр зээлээр олгох вэ. Дараагийн сайд ЖДҮ-гүй “60 тэрбум”-гүй хүн томилох болтугай. Дахиад гишүүд дотроосоо сайдаа сонгох уу. Салбарын хүн одоо байна уу. Заавал “давхар дээл”-тэй хүн томилох уу. Өмнөх хоёр сайд нь би ёс зүйгүй гээд огцорч байна. Хуульч хүн зарчим ярих ёстой. Хулгайч хүн дуугүй байх ёстой. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Дараагийн сайд нарт янз бүрийн хэл ам, хэрэг төвөгт холбогдсон хүн тавихгүй. ЖДҮ монгол төрд сургамжтай зүйл болсон. Нэг талаараа их сайн зүйл болсон. Тиймээс дараагийн сайдад нэр дэвших хүмүүсийг би маш сайн судалж байгаа. Нэр цэвэр, шударга, ард түмний өмчид хуруу хумсаа дүрдэггүй хүнийг сонгоно. Я.Содбаатар сайд өөрөө өндөр соёл гаргаж ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байгаа нь сайн жишиг гэж бодож байгаа. ЖДҮХС-аас зээл авсан нөхдүүд зээлээ төлж байгаа. Би яг тоог нь мэдэхгүй байна. Ч.Улаан сайдад үүрэг өгсөн. Дахин энэ сангуудаас алдаатай зүйл гаргахгүй. Ганц ЖДҮ гэхгүй бүх санд шалгалт оруулсан. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал бас л хариуцлага тооцно. Я.Содбаатар сайдын оронд томилох хүнийг би судалж байгаа. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг тал бүрийн мэдлэгтэй байх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

-ЖДҮ гээд сүүлийн хэдэн сар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах хөзөр болгож нэлээд том үйл явдал боллоо. Барьцаагаа тавиад ХОМ дээрээ тавьсан аж ахуйн нэгжүүдээрээ зээл аваад хөтөлбөр хэрэгжүүлсэн хүмүүс олон байгаа. Харамсалтай нь үүнийг улстөржүүлсэн. Тиймээс УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудтайгаа уулзаж хурдан шалгахыг шаардах хэрэгтэй. Хангалттай хугацаа өнгөрлөө. Хангалттай улстөржлөө. Тиймээс хурдан шалгаад нэг тийш болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа ч энэ асуудлаар улстөржинө.

Улмаар Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураахад гишүүдийн 69.1 хувь нь дэмжлээ.