З.Энхболд: Ерөнхийлөгч “Цагаан суварга”-ыг ав гэж хэлээгүй шүү


2019-03-07 17:30:53

Ээлжит бус чуулган хуралдахаар болсонтой холбоотойгоор Ерөнхийлгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийв. Тэрбээр ээлжит бус чуулганы хуралдаанаар хэд хэдэн даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай талаар мэдээллийн эхэнд хэлсэн. Тодруулбал, тэрбээр ЗХЖШ-ын даргаар нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьсан. Үүнийг үргэлжлүүлээд хэлэлцээд явахыг УИХ-ын шинэ даргаас хүсч байна. Мөн Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод гурван сар болж байна. Тиймээс Ерөнхий прокуророор томилох нэр дэвшигчийг оруулсан байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан" гэсэн юм. Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Жанжин штабын харьяанд байдаг цэргийн ангиудад удаа дараа цэрэг, алба хаагч амиа алдсан хэрэг гарлаа. Эдгээр харамсалтай хэрэгт Жанжин штабын даргад хариуцлага хүлээлгэснээр дуусгах бололтой?

 

Жанжин штабын ажил хэвийн явж байгаа. Орлогч нар ажлаа хийж байгаа. Цэргийн ангид гарсан харамсалтай хэргийн талаар Жанжин штабаас мэдээлэл өгсөн. Ер нь бол нэг байгууллага ийм удаан хугацаагаар даргагүй байж болохгүй.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргад н.Ганбат генералын нэрийг өргөн барихаар болсон гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

Энэ албан тушаалыг хашин хүн заавал генерал байх ёстой. АТГ-ын дарга, дэд даргын хугацаа дууссан. Даваа-Очир, Батсайхан гэж хоёр хүний нэрийг өргөн барьсан. Үргэлжлүүлэн хэлэлцэхийг УИХ-ын шинэ даргаас хүссэн. УЕП-ын орлогч н.Эрдэнэбатын албан үүргээ гүйцэтгэх хугацаа нэгдүгээр сарын 15-нд дууссан. Орных нь хүнийг мөн хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан гэдгээ УИХ-ын Тамгын газраас гаргасан.

ЖДҮХС-гийн асуудлыг хэлэлцэхийг АН-аас хүсэлт гаргалаа. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй байр суурьтай байсан. Энэ байр суурь хэвээр байгаа. Ерөнхий прокурор энэ асуудлыг УИХ-д оруулах байх гэж хүлээж байна. Гэхдээ хэдэн гишүүний нэр танилцуулахыг мэдэхгүй байна.

“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоолоо. 1994 оны хуулиар арга хэмжээ авсан нь зөв үү?

Энэ хуульд буруу байхгүй. 1997 оны Засгийн газар энэ хуулийг хэрэглээд, би очиж хэрэгжүүлж байсан. Учир нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн Орост хийсэн хувьчлал асуудалтай байсан. Тиймээс Онцгой дэглэм тогтоож, үйл ажиллагааг явуулж байлаа. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 51 хувь Стандарт банкинд өртэй байгаа энэ үед онцгой дэглэм тогтоох нь зөв. “Эрдэнэт” өөрөө 100 хувь удирдлагын асуудалтай байгаа учир зөв арга хэмжээ гэж Ерөнхийлөгч үзэж байгаа.

-ҮАБЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд өчигдөр Эрдэнэтэд ажиллах явцдаа мэдэгдсэн?

Өнгөрсөн мягмар гарагт ҮАБЗ хуралдсан. Манай улсын эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан юм. Энд ярьсан зүйлс нууц учир би энд одоо ярих боломжгүй. Гэхдээ байгалийн баялаг ард түмний өмч мөн гэж Үндсэн хуулийн 6.1-т заасны дагуу  улсын  төсвийн  хөрөнгөөр  хайгуул хийсэн бүх ордыг (нүүрс, алт,  зэс байхаас үл хамааран) улсын мэдэлд буцаан авах тухай зөвлөмж гаргасан. Үүнийг биелүүлэх зорилгоор Засгийн газар ажлаа хийж, “Эрдэнэт” үйлдвэрт өчигдөр ажиллагаа явууллаа. 

Бид нэг улсаас хэтэрхий хараат болсон тул үүнд анхаарлаа хандуулах ёстой. Түүнээс 49 хувийг авчирсан нь зөв буруу гэдэг жижиг юм битгий хөөцөлд, цогц арга хэмжээ гэж Засгийн газарт анхааруулсан. Эхний алхмуудаа хийлээ. Шаардлага гарвал дараагийн аж ахуйн нэгжид ч онцгой дэглэм тогтооно. 

Эрдэнэс Тавантолгойн Засгийн газарт ногдох 85 хувийн орлогыг төмөр замын төсөлд зарцуулах шийдвэр гаргасан. Төмөр замын ажил энэ хавар эхэлнэ. Төмөр замын гэх зохиомол хэргийн талаар их ярьдаг. Тухайн үед Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн сайд байсан.     

Эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаар ҮАБЗ хуралдсан гэсэн. Ямар зөвлөмж гаргасан бэ?

ҮАБЗ хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуульд заасан баялгийн баялаг ард түмний өмч, төр улсын төсвөө хамгаална” гэдэг заалтын дагуу бүгдийг нь төр буцаан авах зөвлөмж гаргасан гэж хэлж болно. Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм зогсоохыг бичээгүй.

Энэ хүрээнд ямар ажил хийгдсэн бэ?

Та бүхэн харж байгаа. Улс орны эдийн засагт аюул учраад байгаа учир арга хэмжээ авч байгаа. Сайншандын төмөр замыг энэ онд барьж дуусах зөвлөмж гаргасан байгаа.

Албан тушаалаас нь чөлөөлснөөр хонгилыг нурааж чадах уу?

Шүүх, прокурор хувийн компанийн мэдэлд орчихсон. Тэгэхээр ээлжит бус чуулганаар томилгоо явагдана. 

"Эрдэнэт"-ийн 51 хувь "Стандарт" банкинд алдагдлаа гэж байгаа?

"Эрдэнэт"-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалаагүй байна гэж Ц.Нямдорж сайд хэлсэн. Тиймээс "Жаст"-ын Батхүү, "Эрдэнэт" үйлдвэрийн хооронд асуудал байна. 

Таныг УИХ-ын дарга байх үед "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдсан. Таны оролцоо байгаа гэж харж байгаа?

"Эрдэнэт"-ийн ямар нэг асуудалд миний оролцоо байхгүй. Цаг хугацаа байхгүй гэдэг шалтгаанаар сонгуулйн өмнөх өдөр "Эрдэнэт"-ийн 49 хувийг шийдсэн. Би УИХ-ын дарга байсан. Гэтэл надад мэдэгдээгүй.

Цагаан суваргын ордод 400 орчим сая америк долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж Н.Номтойбаяр гишүүн ярьсан?

Улс энэ хөрөнгө оруулалтыг буцаан төлөхгүй. Харин Н.Номтойбаяртай гэрээ хийн, олборлох зардлыг нь төлөөд, гарсан баялгийг улс авна. Бусад улсууд байгалийн баялгаа ашиглах маш их туршлага хуримтлуулсан. Жишээ нь Эрдэнэс Тавантолгой гэрээгээр нүүрсээ олборлуулдаг. Авлига авсан гэх мэт муу талууд энэ компанид бий. Гэхдээ нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд ч сэтгэл ханамжтай байдаг. Гэхдээ Ерөнхийлөгч “Цагаан суварга”-ыг ав гэж хэлээгүй шүү. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, зардал гаргасан бол улс буцаан авах нь зөв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү