ЖДҮ-чин гишүүд У.Хүрэлсүх шиг "амьдрах" уу


2019-03-11 08:25:43

ЖДҮ-гийн мөнгөнөөс хумсалсан гишүүдийн хувь заяа хэрхэх вэ. Тэр дундаа өдгөө яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нар хэдий болтол Төрийн ордонд “орогнох” вэ. Уг нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлага байгааг Улсын Ерөнхий прокурор чуулганы хуралдаанд танилцуулчихсан. Гэвч олонхийн буянаар огцроогүй, тэд.

Ямбаа эдэлж, ярвайж суугаагаа ч хуулийн байгууллагынханд харуулж яваа. Ямартаа л яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцах гэж Г.Солтан хэдэн сарыг барах вэ дээ. Тэгвэл тэдэнтэй холбогдох хэрэг удахгүй шүүх рүү шилжих гэнэ.

Халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүнийг шүүхийн танхимд авчирна гэдэг амаргүй даваа. Гэхдээ авчирч, бас буруутайг нь нотлож дөнгөвөл бүрэн эрхийн хугацааг нь дуусгавар болгож, үйлийг нь эдлүүлэх хуультай. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 6.6.6-д УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол эгүүлэн татах заалттай.

Гэхдээ энэ болтол зай ч байна, лай ч байна. Дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусахад жилийн хугацаа үлдсэн. Тэр болтол тэд эрх ямбаа эдэлж, хуулийн байгууллагыг эрхшээлдээ байлгаж дөнгөнө. Зүй нь шүүхийн шийдвэр гараагүй нөхцөлд хэнбугай нь ч тэдэнд халдаж зүрхлэхгүй. Тиймээс дуудсан цагт очихгүй байх нь тэдний хувьд энгийн үзэгдэл. Дараагийн сонгуулиар дахин сонгогдож дөнгөвөл бас ч гэж боломж бий гэсэн үг.

Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа урт гэдгийг эрхэм гишүүд Эрүүгийн шинэчилсэн хуулиас харсан байлгүй. Бас ч үгүй урт хугацаанд зууралдаж, хар дарсан зүүд шиг өдрүүдийг өнгөрөөх вий. Эрүүгийн хуулийн 1.10.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэсэн заалттай. Мөн тэнсэх тухай ойлголт байхгүй.

Гэхдээ УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа ял сонсож байсан намын даргынх нь жишээ бий.

Өнөө цагийн эрх баригч намын дарга У.Хүрэлсүх “алдарт" “Хадгаламж банк”-ны хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсож байв. Энэ үед тэрбээр УИХ-ын гишүүн байсан юм. Тухайн үед эл хэрэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нар нэр холбогдсон ч эцэстээ давж заалдах шатны шүүхээс ганц Ц.Чимидцэрэн 10 жилийн ял авч хэрэг төгссөн түүхтэй. Өдгөө эл хэргийн талаар а, бэ-гүй үнэнийг хэлэх хүн нь МАХН-ын дарга Н.Энхбаяр.

Ер нь ч У.Хүрэлсүх энэ намдаа олон зүйлийг соёолуулж, анхдагч хэмээн алдрыг хүртжээ гэлтэй. Ц.Цогзолмааг танхимын зарчаар ажиллаагүй хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдаанаар гаргав. Хамгийн инээдтэй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө ч Шадар сайд байхдаа Засгийн газраа огцруулж байсныг огцорсон сайд олонд ярьсан юм. Ингэж л өөрийнхөө гишгэсэн мөрөөр намынхнаа чирж яваа нөхөр дөө. Магадгүй дээрх гишүүд халдашгүй дархан эрхтэй байхдаа ял сонсч мэдэх л юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү