Х.Нямбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү


2019-03-12 09:18:45

Ээлжит бус чуулганаар дахин таван гишүүний асуудлыг хөндөхөөр хуулийн байгууллагынхан зэхсэн гэнэ. Байнгын ажиллагаатай парламентын гишүүдээс 23 нь ЖДҮ-тэй ямар нэгэн байдлаар холбоотой гэх мэдээлэл бий. Эхнээсээ ямар холбоотой нь тодорч, яллагдагчаар татагдаад байгаа.

Тэгвэл энэ удаад дараагийн таван гишүүнийг Улсын ерөнхий прокурор оруулж ирэхээр өдөр тоолон суугаа гэнэ. Гэхдээ асуудлыг яаравчлан мэдээлэхээс болгоомжилж байгааг эх сурвалж хэлсэн. Учир нь эдгээр гишүүний асуудлыг ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаахгүй  байх магадлал өндөр аж. Асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах, нэсэх  эрх мэдэл нь УИХ-ын даргын Зөвлөлд бий. Тиймээс Прокурорын байгууллагын хичээл зүтгэл хана мөргөх эрсдэлтэй юм.

Прокурорын гарт байгаа халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлэх гишүүдийн дунд “хуульч” гишүүн Х.Нямбаатар бий гэнэ. Тэрбээр “Өгөөдэй-Ази” компанийг ЖДҮ-гээс зээл авахад орон сууцаа барьцаалан, итгэмжлэх гаргаж өгсөн баримт нь ил болсон нэгэн. Тодруулбал, 2018 оны зургаадугаар сарын 7-ны өдөр ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан “Өгөөдэй Ази” компанийн зээлийн баталгааг хангуулахын тулд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хан-Уул дүүргийн “Оддын хотхон” дахь 4 өрөө 126м.кв байраа барьцаалуулсан байдаг юм. Ингэхдээ “Хамаг Монгол групп” ХХК-ийг хамтран байгуулсан түүний дүү Х.Нямаа, эрхэм гишүүний эхнэр И.Баярмаагийн төрсөн дүү И.Баярбат нар нар үлдсэн барьцааг гаргасан баримт бий.

 

Мэдээж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ бүхнийг үгүйсгэж зээл аваагүй хэмээдэг. Өдгөө яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүд ч мөн “Би тэр компанитай хамааралгүй, ЖДҮ-гээс сохор зоос ч аваагүй” хэмээн мэдэгдэж, мэдээлж байсан ч эцэстээ нотлох баримтыг хараад хэлэх үггүй болсон билээ.

Х.Нямбаатар гишүүний тухайд ч иймэрхүү мэдэгдэл хийдэг бөгөөд хамгийн гол нь гарын үсгээ баримт болгон үлдээсэн. Тэр бүү хэл, утасны үзүүрийг хөөвөл ЖДҮ-гээс зээл авсан “Өгөөдэй Ази” ч түүнтэй хамааралтай байх сэжүүрүүд бий гэнэ.

Гэхдээ эрх баригч нам доторх олонхийг түшиж яваа цагт халдашгүй дархан эрхээсээ огцорчихно гэж айх юун. Олонхийн хүч оломгүй далай гэж бүрэн эрхийг нь дуустал бүтэн биетэй байлгахаа намын дарга амласан бус уу.  

 

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү