Ж.Энхбаяр гишүүн боловсролоо ч зээлээр авчээ


2019-03-19 13:03:08

Ойрын үед улстөрийн гал тогоо тун ч халуухан байна. Нам дотроо хоорондоо турхиралдан бие биеэ “идэж” байна. Энэ их үймээн шуугианы дундуур албан тушаалаа ашиглан ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүдийн сураг чимээ тасарчээ.

Жирийн иргэдийн боломжийг хулгайлж, Засгийн газрын сангуудын зээлийг түүж буй гишүүдийн нэг бол Ж.Энхбаяр. Тэрбээр өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан гурван ч сангаас зээл авсан байдаг. Тэрбайтугай Боловсролын төрийн сангаас хүртэл зээл хүртжээ.

Олны нүдэнд сайхан харагдах гэж авсан зээлээ буцаан төлж, ард иргэдээсээ уучлалт гуйсан дүр эсгэсэн ч түүний хуудуутай үйлдлүүд нуугдаж чадсангүй.

Ж.Энхбаяр гишүүн бол ангийнхнаасаа хөрөнгө орлогоороо төдийгүй  Засгийн газрын сангуудаас зээл авснаараа ч толгой цохиж байна. Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харахад зээл аваад байхааргүй нэгэн харагдана.

ЖДҮ-ийн сангаас албан тушуултнууд зээл авсан гэсэн асуудал анх сөхөгдөх үед түүний хамаарал бүхий “Газар буудай” компани 950 сая төгрөгийн зээл авсан нь илэрч байсан. Мөн түүний “Газар агро” хэмээх компани мал хамгаалах сангаас нэг тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

Хамгийн ноцтой нь Ж.Энхбаяр гишүүн “Газар капитал” хэмээх банк бус санхүүгийн байгууллагын 74 хувийг эзэмшдэг. Хэдийгээр өөрөө уг зээлийг зориулалтын дагуу зарцуулсан гэж байгаа ч банк бус санхүүгийн байгууллагаараа мөнгө эргэлдүүлсэн байж болзошгүй.

Тэрбээр өөрийн хамаарал бүхий компаниудаараа зээл авснаас гадна боловсролдоо ч өөрийн мөнгийг зарцуулахыг хүсээгүй бололтой. 2003 онд боловсролын зээлийн сангаас 6000 ам.долларын зээл авч Нидерланд улс руу сургуульд явсан байна.

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн жирийн иргэдийн боломжоос хулгайлж, албан тушаалаа ашиглан Засгийн газрын тусгай сангуудаас зээл авч байгаа нь шударга бус байгааг олон иргэн шүүмжилдэг. Гэтэл тэрбээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй явна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү