Т.Аюурсайхан: С.Баярцогтын Швейцарын банкны данс АТГ-т очоогүй байна


2019-03-19 16:13:02

УИХ-ын даргыг Швейцарт айлчлах бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан багтаж явсан билээ. Энэ үеэр Швейцарын банкны данснаас С.Баярцогтын гүйлгээний хуулгыг авчирч ирснээ мэдээлсэн. Гэвч энэ хуулгыг Т.Аюурсайхан гишүүнийг өөрөө авчраагүй гэж маргалдаж байна.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр, “УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарь улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд миний бие багтсан. Энэ ч утгаараа олон нийтэд тодорхой мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийн дараа үгүйсгэж, гуйвуулсан зүйл их явж байна.  Тиймээс албан ёсны тайлбарыг өгч байна.

Швейцарын холбооны талаас Монголын талд С.Баярцогтын  "Credit Suisse AG" банк дахь ам.долларын гурав, еврогийн хоёр, нийт таван дансны 2008 оны есдүгээр сарын 30-2013 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг айлчлалын баг авч ирсэн. Энэ мэдээлэл холбогдох журмын дагуу ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байгаа. Гэхдээ уг баримт АТГ-т хараахан очоогүй байна. Тиймээс энэ ажлыг түргэтгэхээр ажиллаж байна.

С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна.  “Оюутолгой”-н гэрээ 2009 оны аравдугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй.  Хуулийн байгууллага уг асуудлыг бүрэн гүйцэт шалгах боломжийг нь олгох ёстой. Ингэхийн тулд нөлөөллөөс ангид байлгах хэрэгтэй гэж би үзэж байна.

Би УИХ-ын дарга Швейцарын холбооны улс руу айлчлах айлчлалын бүрэлдэхүүнд орох саналаа өөрөө тавьсан. Хоёр зорилгоо хэлсэн, С.Баярцогтын дансны асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзах зорилготойгоор явах хүсэлтээ илэрхийлж, УИХ-ын дарга ойлгож, дэмжсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар оффшорын эсрэг үйл ажиллагаанд хуруу байтугай, хошуу нэмэрлэж байгаагүй хүмүүс, тэд  буруу мэдээлэл өгсөн.  Тэд айлчлалын бүрэлдэхүүнд ямар ч үүрэггүй, үр дүнгүй яваад ирсэн нь асуудлаас хол хөндий байгаа нь харагдаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон үрдэг, маш их айлчлалаар явдаг.  Тийм учраас энэ асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдээлэл дээр үндэслэн би энэ мэдээллийг хийж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү