ХОЁР ТӨР, ХОЁР НАМД НҮҮРТЭЙ ХҮН


2019-04-15 10:32:58

Зүлэг ногоон дэвжээнээ зодоглож байсан Д.Сумъяабазар улс төрд уруу татагдаад чамгүй олон жилийг үджээ. Өдгөө тэрбээр парламентад улиран сонгогдсон улстөрч. Мөн Монгол Улсын тулах цэг нь болсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг тонгорох ажиллагаанд идэвхийлэн оролцож байж, салбарын сайдын суудлаар шагнуулсан ч гэж хэлж болох юм. Түмэн олноо баясгаж явсан бяртай бөхийг ах намын ирээдүй, тэр дундаа улс орныхоо уул уурхайн салбарыг удирдан чиглүүлэх бядтай нэгэн гэж харсан хүн үнэндээ ховор.

Харин хотын фракцид харьяалагдаж, М.Энхболдтой ойр байсных нь ач гавьяа гэж дүгнэсэн нь олон. МАН-д хэдэн том фракц байдгийн нэг нь хотынх буюу М.Энхболдынх. У.Хүрэлсүх ч Засгийн газрын бүрэлдэхүүнээ бүрдүүлэхдээ М.Энхболдтой тохироо хийж, хэдэн хүн шургуулсны нэг нь мань эр. Гэхдээ ганц ийм артай гэвэл эндүүрэл. Түүний ард Төрийн тэргүүн ч бий. Шулуухан хэлэхэд, Төрийн тэргүүний дэргэдээс салахаа больсон дүүгийнх нь ач гавьяа их. У.Хүрэлсүх Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход нь тусалж, өдгөө өөрөө ч намын дарга болохдоо туслалцаа авсан гэх яриа бий. Тэдний нандин харьцаан дээр ах, дүүсийн цусан холбоог хэрхэн салгаж ойлгох билээ. Тиймдээ ч хамгийн чухал салбарыг мань хүний гарт атгуулсан биз.

Тэр утгаараа ар талдаа санаа зоволгүй том дуугарч чаддаг нь Д.Сумъяабазар. МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Ардаа алагчилдаггүй төр” хэмээх бодлогыг дэвшүүлж, үүндээ төрийн мэргэшсэн албан хаагчдыг халахгүй байхыг тодотгосон нь бий. Гэхдээ энэ хөтөлбөр, амлалт Д.Сумъяабазарт падлийгүй. Мань эр ажлаа авсан даруйдаа халаа, сэлгээ хийж, өөрийн багаа бүрдүүлээд амжсан. Тухайлбал, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг ажлаас нь чөлөөлж, оронд  нь М.Баярааг томилов. М.Баяраа нь Сонгинохайрхан дүүрэгт удирдах албан тушаал хашиж байсан нэгэн. Мөн Уул уурхайн бодлогын газрын даргыг өөрчилж, Б.Дэлгэржаргалыг, Геологийн бодлогын газрын даргаар Б.Мөнхтөрийг томилсон гэхчлэн дурьдаж болно. Сүүлд дэд сайд Д.Загджавыг хална, солино гэж хэдэнтээ орилоод чимээгүй болсон. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт гар хүрэхгүй гэсэн намын даргынх нь үг л түүнд хазаар болж, түр хойшлуулсан төдий биз.

Тэрбээр, сайд болсныхоо дараагаар Монголдоо ч ховор үзэгддэг байв. Ямартаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Д.Сумъяабазар 20 гаруй хоног гадаадаар зугааллаа” хэмээн бухимдаж байх вэ дээ. Тухайн үед шатахууны үнэ хөөсөрч, шатахуун түгээх станцууд крантаараа боож байсныг хэлэх үү. Засгийн газрын ээлжит хуралдаанаар А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаад байгаа. Энэ талаараа Г.Занданшатар сайд “Бид хурдан шуурхай арга хэмжээ авсан, одоо бензин дуртай газраасаа авч болно” хэмээн мэдэгдсэн ч бодит байдал дээр нөхцөл байдал өөр байв.

Уг нь экс ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхимын үед төрийн сайд бүрэн эрхийн хугацаандаа хоёрхон удаа гадаад явах лимит тогтоож билээ. Төсвийн хөрөнгийг хэмнэж, зугаалж, тансагладаг байдлыг хязгаарлаж байгаа нь тэр. Харин Ардын Засгийн газрын үед энэ бүхэн алдагдсан. Хэдийгээр хөрөнгө мөнгөгүй, хоосон авдар хүлээж авсан ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хилийн чанадад бараг л амьдраастай. Энд хамаг ажил нь 60 хагархай, 100 задгай байхад, гадаад томилолтоор нэг орноос нөгөө рүү нислэг үйлдэн, хамгийн удаан хугацаагаар айлчилсан юм. Товчхон сийрүүлбэл, “бөх” сайд Герман явсан, ирэнгүүтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНСУ-д айлчлахад даган мордсон. Дараа нь Хятад зэрэг оронд үргэлжлүүлж, Швейцарийн Давос хотноо ч саатаад амжив. Энэ зуур Улаанбаатарт шатахууны үнийн хөөсрөл савнаасаа халих шахаж байх жишээтэй.

Өнөөгийн УИХ-ын даргыг Засгийн газрын гал тогоог ахалж байхад таардаггүй, ааштай сайд нь байсан ч гэж хэлж болох талтай. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” зэрэгт хэн нь ноёрхлоо тогтоох дээр Г.Занданшатартай маргаж, мэтгэлцэж байсан удаатай. Сүүлдээ эл маргаан ил, далд байдлаар өрнөх болсон. Ямартаа Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг  хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд нээлттэй арилжаалахыг лоббидож буй Л.Наранбаатар, Ч.Ганхуяг тэргүүтэй хэсэг нөхдийг хүлээн авч уулзсаныг харсан тэрбээр ихэд бухимдаж “Занданшатараа чи зүгээр чиг үүргийнхээ хүрээнд ажлаа хийвэл хийгээрэй ... Хэлсэндээ байцгаагаарай” гэх нь тэр. Юун кабинетын зарчим. Мань хүний хувьд тийм зүйл мэдэхгүй.

Уул уурхай, хөдөө аж ахуйг Ерөнхийлөгчийн талд байлгаж байж Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хөдлөх боломж бүрдэнэ гэх таамаглал бий. Тиймдээ ч Төрийн тэргүүний мөрөөдлийг биелүүлэх захиастай Д.Сумъяабазар суурин дээрээ том байгаагийн илрэл нь энэ биз.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү