Орлон тоглогч “онгоц” Энх-Амгалан


2019-04-16 14:31:29

Зам тээврийн салбарт Б.Энх-Амгалан морилоод багагүй хугацааг үдэв. Үнэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талаас барьцаа ахиулахын тулд “Мишээл экспо”-гийн гэх тодотголтой Б.Энх-Амгаланг тойрон хүрээлэгчдээрээ зүтгүүлэн байж, энэ суудалд тухлуулсан.

Хэдийгээр намын дарга Я.Содбаатар дээр ихээхэн найдлага тавьж байсан ч талаар болсон. ЖДҮ-гийн хэргээс болж хэдхэн хоног салбарын тамга барьж үзээд тавьсан хүн нь Я.Содбаатар. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр Ерөнхий сайд эцэст нь Б.Энх-Амгалан дээр тогтож, зөөлөн сэнтий хайрласан ч гэлцдэг л юм.

Б.Энх-Амгалангийн хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг тонгорох албан тоотод гарын үсэг зурж, Шадар сайд У.Хүрэлсүхийг чагнасан асуудлаар хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлж байсан тэрбээр Нийслэлийн ИТХ-д найман жил суусан туршлагатан. Гэхдээ мань эр хийсэн ажлаараа бус МИАТ-ийн онгоцыг гурван цаг саатуулснаараа алдаршиж, олонд танигдсан нэгэн.

Тодруулбал, Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байхад Нийслэлийн иргэдийн хурлын 12 төлөөлөгч ОХУ-ын Москва хот ороод Новосибирск ниссэн. Харин “Мишээл” группийн захирал, иргэдийн хурлын төлөөлөгч Б.Энх-Амгалан өөрийн ажилтнуудтайгаа Новосибирскт МИАТ-ийн онгоцоор газардсан гэх мэдээлэл тухайн үеийн Зам тээврийн сайдад иржээ. Энэ дагуу сайд М.Зоригт дээрх мэдээллийн үнэн эсэхийг шалгаж, дээр дурьдагдсан мэдээлэл үнэн бол худал мэдээлэл өгсөн МИАТ-ийн захиралд хариуцлага тооцохыг холбогдох хүмүүстээ даалгасан байдаг. Улмаар төлөөлөгч Б.Энх-Амгалан нь МИАТ-ийн онгоцыг ОХУ-ын Новосибирскт гурван цаг саатуулсан болох нь тогтоогдож байв.

Харин энэ талаар хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон Б.Энх-Амгалан “Ажлаа мэдэхгүй хүмүүсийн хар гай гэх юм уу даа. Сайд нь хүртэл нэг дураараа НИТХ-ын төлөөлөгч хэдэн ажилчдаа аваад тэнд буучихсан тухай ярьж, твиттерт жиргэснээс болоод онгоц буулгадаг, суулгадаг асуудал гарсан. Нэг зүйлд харамсаж байгаа. Тэр үед аавыгаа би их айлгасан юм билээ. Хүүгийнх нь зураг телевизээр мэлийтэл гараад энэ хүн дураараа бараг л МИАТ-ийн онгоцыг хулгайлж авч яваад, буу тулгаж байгаад буулгачихсан юм шиг ойлголт ард түмэнд өгчихсөн. Аав маань их сандарсан, даралт нь ихэссэн “юу дутлаа гэж ийм юм хийв” гэж манай гэр рүү утастсан байдаг юм. Гэтэл тэрний ард болсон арга хэмжээг хүмүүс мэдээгүй. Маршрутын дагуу л явж байсан юмыг намайг буулгасан асуудалд оруулсан” хэмээсэн юм.

Тэр бүү хэл, энэ үйл явдал өөрт нь сайнаар нөлөөлсөн тухай ч тэр орхигдуулаагүй. Тэрбээр “Намайг харин “онгоц” Энх-Амгалан гэдэг болсноос хойш би жаахан алдартай болсон юм шиг байна лээ. Юу хийсэн нь сонин биш, онгоц буулгасан нь сонин байсан шиг билээ” хэмээсэн юм.

Тавилгын захын менежментийг гарамгай хийчихдэг “Мишээл экспо”-гийн захирал сайн гэхээсээ саар нэр олонтаа. Жишээ нь, түүнд залилангийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан тохиолдол бий. “Мишээл экспо” төвийн залилуулж, дарамт, сүрдүүлэгт орсон  гэх түрээслэгч нар нэгдэн гарын үсэг цуглуулан материал бүрдүүлж Б.Энх-Амгаланг цагдаагийн газарт өгсөн байдаг. Улмаар энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв. Ийм хүн өдгөө Зам тээврийн салбарыг удирдаж байна.

Мань хүнийг М.Энхболдын  мэтгэлцээнд бэлдүүлдэг Ганбаатарын орлон тоглогч гэдгийг хүмүүс тэр бүр мэддэг болов уу. Энэ удаад ч мөн орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэж яваа юм биш биз.

УИХ-ын гишүүн болж, бүрэн эрхтэй болохдоо тэрбээр жилдээ 256 сая төгрөгийн орлоготой байв. Харамсалтай нь, түүний орлого жилээс жилд буурсаар 2018 онд 121.2 сая болжээ. Янз нь дээдсийн сэнтий түүнд зохихгүй байгаа бололтой.

Гэхдээ гэр бүлийн орлого нь өссөн төдийгүй үнэт эдлэл нь ч нэлээн арвижсаныг АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлгоос нь харж болно. Мөн сохор зоосны ч хадгаламжгүй байсан тэрбээр 130.473.00 төгрөг далд хийгээд амжсан байна билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү