Байнгын хороодын дарга нарыг томиллоо


2019-05-09 19:19:24

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийв. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг, Ерөнхий аудитороор Д.Занданбат нарыг томилж, тэд үүрэгт ажлаа хүлээн авав.

Мөн зарим байнгын хороодын даргыг сонголоо. Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг гишүүдийн олонх дэмжив.

Мөн Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улираан ажиллуулах нь зүйтэй гэж тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа иргэдтэйгээ илүү ойр дотно ажиллаж, тэдний өмнө тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэсэн. Үүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлт, түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилт, аюултай хог хаягдлыг цэгцлэх, төвлөрсөн байгууламж барих асуудлыг шийдвэрлэх, Туул голын хамгаалалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгжид олгосон газар ашиглах зөвшөөрөл болон Хэнтий аймгийн Гутайн даваанд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудалд анхаарлаа хандуулан идэвхтэй ажилласан тухай дурьдсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү