Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг шүүхээр шийднэ


2019-05-09 19:49:01
 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт ял шийтгэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад "Цагдаа дээр эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэсэн хоёр хэрэг шалгагдаж байгаа. Хуулиараа прокурор шинэ нөхцөл байдлын дүгнэлт гэж бичдэг. Тэрийг бичих байх. Улмаар  Улсын дээд шүүхээр орно. Шүүх дээр гурван асуудал хэлэлцэгдэх байх. Нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн асуудал. Хоёрдугаарт, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн. Гуравдугаарт, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хэрхэн вэ гэдэг асуудал. Ийм л процедураар цааш явна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг шүүхээр шийднэ.  

Тэднийг сулласны дараа хэлмэгдэж, хилсээр шийтгэгдсэн бол хохирол нөхөн төлөх асуудал яригдана. Гэхдээ төлж чадахгүй юм гэж бий. Тэдгээр хүмүүсийн амьдарлын дөрвөн жилд учирсан гай зовлонг ямар ч үнээр төлж чадахүй. Зөвхөн 2-3 хүн хохирч байгаа асуудал биш цаана нь үр хүүхэд, эцэг эх, удам сударт нь муу нэр үлдэж байна.  Харин захиалагчийн асуудал тагнуул дээр шалгагдаж байгаа.

Б.Булганыг 10 сар хориод, сулласан. Яалт ч үгүй цорын ганц гэрч нь Б.Булган. Одоо гэрч ч, хохирогч ч биш. Ертөнцийн түүхэнд байгаагүй сонин байдалд байна. Хэрэг гарахад хажууд нь байсан цорын ганц амьд гэрчийг оролцуулахгүй шүүх хурал хийнэ гэж хайшаа харсан юм байдаг юм. Хамгийн гол нь Б.Булганы хэлж зуруулсан гэх зургаар Б.Содномдаржаа нарыг шийтгэсэн. Зургийг нь хэлж зуруулсан хүнийг шүүх хурал дээр байцаах ёстой биз дээ. Тэгээд юу ч биш болгоод хаячихсан. 

Эрүүдэн шүүсэн хэрэгт яг өнөөдрийн байдлаар гурван хүн хоригдож, шалгагдаж байна. Цаашдаа нэмэгдэх байх. Хариуцлагад татагдах хүмүүс нэмэгдэнэ" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү