Д.Тогтохсүрэн: Иргэдэд гурван хувийн хүүтэй, 20 сая хүртэлх төгрөгийн итгэлцлийн зээл олгоно


2019-05-13 14:17:25

МАН-ын бүлгийн хуралдаанаар иргэдэд гурван хувийн хүүтэй, 20 сая хүртэлх төгрөгийн итгэлцлийн зээл олгох хуулийн төслийг өргөн барих асуудлыг хэлэлцэн дэмжсэн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Зорилтот бүлэгтээ чиглэсэн энэ зээлийг олгосноор ажлын байр бий болно гэж үзэж байгаа аж. Санхүүгийн итгэлцлийг бий болгож, төсөвт дарамт учрахгүй гэнэ. Итгэлцлийн зээлийг ямар нэг зээлгүй, батлан даагчгүй, муу зээлийн түүхгүй иргэнд олгоно гэдгийг  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ. Тэрбээр "18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авч болно.

Зээлээ хугацаандаа эргэн төлсөн тохиолдолд дарааагийн зээл авах боломж олгоно. Зээлийг төр хариуцаад Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор төсөлд тусгасан. Ажлын хэсгийнхэн эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг Итгэлийн зээл олгоход зарцуулах тооцоолол хийжээ.

Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Арилжааны банкууд шалгуур тавих уу?

-Ямар нэг арилжааны банкаар явуулахгүй. Төр иргэддээ итгэсэн үйлчилгээг бий болгох гэж байгаа. Зөвхөн Төрийн банкаар дамжуулж энэ зээлийг олгоно.

-Ипотекийн зээл иргэдэд хүртээмжтэй биш байгаа. Энэ мөнгийг ипотекийн зээлд зориулж болохгүй юу?

-Ипотекийн зээлийг Засгийн газар үе шаттай олгож байгаа. Цаашдаа ч олгосоор байх болно.

-Энэ зээлийн шалгуурыгдавах дундаж давхарга бий юу? Айл өрх бүр цалингийн, хэрэглээний зээлтэй.

-Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн энэ төслийг хэрэгжүүлдэг. Тэд амжилтад хүрсэн байдаг. Төсвөөс жилдээ 200-300 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкаараа дамжуулж олгоно. Эрсдэлийг төр даана.

-МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой боллоо гэж мэдээлэгдэж байна. Бүлэг дээр энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-УИХ-ын нөхөн сонгуулийн хуваарийн дагуу МАН сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, СЕХ-ноос батламжаа авсан. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа хуулиараа таван сарын 24-28-ны хооронд явагдана. Тэр үед бага хурлаараа хэлэлцэн шийднэ. 

-Үндсэн хуулийн цэцэд нөхөн сонгуультай холбоотой гомдол очсон байгаа. Нөхөн сонгууль хойшлогдох уу?

-Энэ талаар мэдээлэл байхгүй байна. Үндсэн хуулийн Цэц хүлээж авсан эсэхээс хамаарна. 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжих уу?

-Бид хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэсэн байгаа. Ойрын хугацаанд хэлэлцэнэ. Ажлын хэсэг ажиллаж байгаа.  

-"Оюутолгой"-н ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээгүй байхад гадагш өгсөн Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцох уу?

-Тэр мэдээлэл нууцын зэрэглэлгүй. Тийм учраас холбогдох материалыг өгч болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү