Цагаан захтнууд Ш.Раднаасэд гишүүнд талархах нь дамжиггүй


2019-05-15 15:08:09

Ш.Раднаасэд гишүүний аминд ороод байгаа хөөн хэлэлцэх хугацаа олон хүнд тусаа өгөх бололтой. МХЕГ-ын байцаагч нарын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаанаас үүдэн хэрэгсэхгүй болсонтой адил Хөгжлийн банкны хэрэг ч шувтрах нь.

Хөгжлийн банкийг хөгжлийн бэрхшээлтэй болгож, хөрөнгийг нь үрэн таран хийсэн хэргээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, З.Баянсэлэнгэ, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТОСКийн захирал асан А.Гантулга нарын албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэмээн АТГ-аас мэдээлж байв.

Гүйцэтгэх удирдлага нь хуулиа хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд нь Засгийн газар, улстөрчдийн нөлөөлөл их байсан зэргийг тоочиж болно. Тус банкны үйл ажиллагаанд улстөрчид оролцож, хамаарал бүхий хүмүүс, найз нөхдөдөө давуу байдал олгосон, хахууль авсан хэд хэдэн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан билээ. Эл хэрэг 2012-2015 оны хооронд үйлдэгдсэн. Сануулбал, Хөгжлийн банкны хөрөнгийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон улсын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт тус банкны захирал асан Н.Мөнхбат холбогдсон. Авлигатай тэмцэх газраас 2015 онд Н.Мөнхбатыг шалгаж эхэлсэн бөгөөд түүнийг буруутгасан хэргүүдийн нэг нь “Монгол газар” компанийн оффисын байрыг барьцаалж зээл олгосон явдал байв. Тухайн үед “Монгол газар” компани дампуурлаа зарласан байсан бөгөөд зээлээ эргэн төлөх чадваргүй компанид 5.6 тэрбум төгрөгийн зээл олгосон эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл болжээ. Үүнээс гадна тэрбээр Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны байрыг өндөр үнээр худалдаж авсан хэрэгт буруутгагддаг юм. Тэгвэл УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанид хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэдэг.

Ш.Раднаасэдийн “санаачилсан” хөөн хэлэлцэх хугацаа 5 жил. Хөгжлийн банкны хэрэг 2015 онд үйлдэгдсэн гэвэл 2020 онд хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн үг. Тодруулбал, ирэх жил гэхэд энэ хэрэг хэрэгсэхгүй болж, нэр бүхий албан тушаалтнууд энхийн цагаан тагтаа болж хувирах нь.

Эл хэргээс гадна “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг ч мөн хэрэгсэхгүй болж мэдэхийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдэгдсэн юм. Тэрбээр “Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэм хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр гарсан хүртэлх хугацаа гэж заасан нь өөрөө ялаас мултрах боломжийг бий болгож байна. Тэр дундаа авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой. Жишээ дурдахад, энэ хуулиар явбал “Жаст”-ын Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахад хоёрхон жил үлдээд байна. Энэ нь хэрэг цагаатах, ялаас мултрах боломж бүрдэж байгааг харуулж байна. Үүнээс харахад тэд өөрийн авлига хээл хахуультай холбоотой хэргийг хаах, цайруулах үйлдлийг улайран хийж байгаа нь энэ төрд байж болшгүй зүйл юм. Тиймээс энэ Хөөн хэлэлцэх хугацааг бид зайлшгүй эргэн харах шаардлагатай” хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би баталгаатай хэлж чадна. Энэ 49 ЖДҮ-гийн хэрэг хэрэгсэхгүй болно. Дараа нь С.Баярцогттой холбоотой оффшорын хэргийг цагаатгана. Оюутолгойн хэрэг, С.Баярт холбогдох хэрэг, "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг бүгд хэрэгсэхгүй болж, цагаадна. Бүр нарийн ярих юм бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг ч цагаадна шүү” гэв. 

Ийнхүү цагаан захтнуудын хэрэг ар, араасаа хэрэгсэхгүй болж, цагаадах нь цаг хугацааны асуудал болов.

Тухай үед хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ш.Раднаасэд “...Одоо энэ мөрдөн байцаалтын хугацаа гэдэг дээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсоочихож байгаа. Яллагдагчаар татах тогтоол танилцуулснаар хөөн хэлэлцэх хугацаа зогсчихож байгаа. Ингээд хэрэг нь түдгэлзчихдэг. Тэгээд энэ хугацаанд энэ хүн ингээд хэзээ дуусах нь үл мэдэгдэх хугацаагаар ингээд хэрэг шалгагдаад яваад байдаг, ийм байдал уруу яваад байна. Тэгэхээр энэ дээр хөөн хэлэлцэх хугацаагаар ядаж зогсдоггүй байдлаар юмаа яваад, тэр хугацаанд шалгаж дуусвал дуусаад, дуусахгүй бол тэгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэг нь дуусдаг нэг ийм юм уруу явахгүй бол бид нар ингээд том хаалгатай болчихоод байна. Тэр хаалга нь байнга онгорхой, ийм нөхцөл байдалд юм явах гээд байх шиг харагдаад байна...

...Үүнийг янзалчихъя л даа. Одоо тэртэй тэргүй Эрүүгийн хуулийн 1.10 гэдэг дээр чинь бол  хөнгөн гэмт хэрэг дээр 1 жилийн хугацаа өнгөрчихсөн бол яллагдагчаар татаж болохгүй гээд явж байгаа шүү дээ. Тэгээд ингээд ялынхаа хэмжээнээс хамаараад тэр хугацаа нь өөр, өөр болоод явчихаж байгаа юм. Тэгсэн мөртлөө энэ дээрээ яллагдагчаар татаад нэг тогтоол танилцуулчихсан, ингээд насан туршдаа ингээд явчихаад байгаа юм” хэмээгээд эцэст нь тэрхүү томьёоллоор оруулаад санал хурааж, 66.7 хувиар дэмжигджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү