Цүнх баригчаас Засаг ноён болон дэвшсэн Ж.Сандагсүрэн


2019-05-15 17:38:09

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын туслахаар ажиллаж байсан эл залуу хүн амын нягтаршил ихтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажилладаг. МАН сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, мань хүний аз, од нь гийж, хөл хөдөлгөөн ихтэй нийслэлийн баруун зүгийг эзэгнэнхэн суух хувь тохиосон хэрэг.

Сонгуулийн үеэр Д.Сумъяабазарын сүүдэр шиг явсан эл залууг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 2016 оны долдугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томилох шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг дарга С.Батболд батламжилж байлаа. Намтар нимгэнтэй хурган дарга улс төрийг эргэлт буцалтгүй сонгосон нэгэн гэдгийг нь туул өнгөрүүлсэн зам мөрөөс нь харж болно. Мөн “Очир-Удраа”-гийн гэх тодотгол хаяахан цухалзах нь бий. Учир нь энэ группийн газрын захирлын зөөлөн сэнтийд сууж боссон намтраас нь үүдэлтэй.

Ж.Сандагсүрэнгийн жилийн орлого нь 40653.71 мянган төгрөг. Энэ нь Засаг ноён болсон жилээ бодвол ялимгүй буурсан үзүүлэлт. Уг нь тэрбээр Засаг ноёны жилийн орлого 42958.42 мянган төгрөг байсан юм билээ. Гэхдээ гэр бүлийн орлого нь 9720.00 мянган төгрөг болж өссөнөөр шархаа нөхсөн гэж хэлж болох талтай.

Нийтийн орон сууц, хашаа байшин, зуслангийн газартай. Нийт үнэлгээ нь 228000.00 мянган төгрөг. Хурдмын удмаа 16 хүлэгтэй байсан ч энэ тоон үзүүлэлт буурч, арван хуруунд багтахаар болжээ. Янз нь 2018 он түүний хувьд ялимгүй хямралын жил байсан юм даг уу. Харин үхрийн тоо толгой өссөн ч үгүй, буурсан ч үгүй. Тоо ёсоор тоологдсоныг бодвол өсөж үржээгүй бололтой юм. Шулуухан хэлэхэд, Засаг ноёны хот төл авч чадаагүй нь тэр биз.

Хэдийгээр хасах хэмийн орлоготой байсан ч хойш нь нэлээд хэдэн төгрөг хийгээд амжсан сүйхээтэй нэгэн. Түүний хадгаламж 5010.78 мянган төгрөг байсан бол 6712.73 мянга болж нэмэгдсэн байна билээ.  Гэхдээ тэр бусдын адил авлагатай бас өглөгтэй. Өөрөөр хэлбэл, 25 сая төгрөгийн авлагатай 70 сая төгрөгийн зээлтэй гэж АТГ-т мэдүүлжээ.  

Ж.Сандагсүрэнг төдийлөн олонд танигдаагүй нэгэн. Гэхдээ Засаг ноёноор сонгогдсоноос хойш сайнаар бус саараар олонд нүдлэгдэж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тэрбээр  газар олгох нэрийдлээр үерийн далан дээр гэрчилгээ гарга залилсан гэх мэдээлэл бий. Эцэст нь энэ асуудал газар арилжиж, намаа санхүүжүүлсэн гэх яриагаар төгссөн юм.

“Бунгүс бургер” ХХК, “Өсөлт Консолтинги”-ийн хувьцаа эзэмшигч Засаг ноёны хувьд 25 сая төгрөгөөр үнэлэгдэхүйц гурван ч эзэмших газартай. Тодруулбал, эзэмших-0,04-1, Эзэмших-612 м2-1, Эзэмших-698 м2-1 хэмээн нэрлэж болно. Мөн тусгай зөвшөөрлийн хуудас ч мань хүний халаасанд буй.

Өвөл болохоор улиг болсон утааны талаар номлол айлдаж, макс тараадаг зуршилтай. Утаатай тэмцэхээ илэрхийлж байсан тэрбээр нэг удаагийн маск тарааснаар тэмцэл нь өндөрлөж, хэлэх үггүй болж, зураглаачийн дуранд дахин өртөөгүй юм  даг.

Уншигч та санаж байгаа бол “Хүүхдээ утаант хордуулахгүй байя гэвэл машины яндангаас дээш, тэвэрч явбал зохилтой” гэх алдарт зөвлөгөөг өгсөн Засаг ноён. Түүний хувьд асуудлыг ухаанаар бус нударгаар шийдэхийг илүүд үздэг хэмээн намын лудгарууд хүүрнэх нь бий. Хотын дарга Су.Батболдтой нударга зөрүүлж, арслан бар мэт үзэлцэх шахсан тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нараар ар хийсэн түүнд айх зүйл, хийх ажил ч байхгүй биз.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү