Ипотекийн зээл эрх баригчдыг талцуулж, салбарын сайдыг харамсахад хүргэв


2019-05-16 15:34:38

Гэр хорооллын дахин төлөвлөлт болоод ипотекийн зээлд хөрөнгө гаргахаас эрх баригчид харамлав уу. Салбарын сайд хүртэл ипотекийн зээлд гар татаж байгаад халаглаж, харамсаж байгаагаа чуулганы хуралдааны үеэр хэлж байв. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Өнөөдөр гэр хорооллын дэд бүтэцгүйгээс болж дахин төлөвлөлтийн ажил зогссон. Энэ асуудлыг үндсэн чиглэлд тусгах нь зүйтэй. Манай яамнаас 100 км-т 80 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн санал хүргүүлсэн. Үүнийг ч мөн үндсэн чиглэлд тусгаж өгөхийг хүсье. Ипотекийн зээлийн хувьд ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой ирэх жил энэ асуудал Засгийн газарт шилжинэ гэж байгаа. Энэ асуудлыг ч мөн тодорхой тусгах хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жилд ипотекийн зээлд 115-120 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж байсан. Гэтэл ирэх жил 60 тэрбум гэж хоёр дахин бууруулсан байна. Арай дэндүү харамсалтай байна. Уг нь 200 тэрбум төгрөгт хүргэмээр байна” хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуултад хариулахдаа халаглаж суусан юм.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар ипотекийн зээлийн санхүүжилт 50 гаруй хувиар нэмэгдэх гэнэ. Гэвч өнгөн дээрээ ингэж хэлж байгаа ч үндсэн чиглэлд төсвийг хумиж, хэд дахин багасгасан байдлаар оруулж ирсэнийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шүүмжлэв. Тэрбээр “2020 онд гэр хорооллыг шинэ хороолол болгох зорилт тавьж, төсөвт бодит хөрөнгийг нь суулгамаар байна. Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох чиглэлд нэг ч төгрөг тавигдаагүй байна. Ипотекийн зээлд 500 тэрбум төгрөгийг суулгах санал оруулж ирсэн гэж бидэнд хэлсэн атал 60 тэрбум төгрөг орсон байна. БНСУ-ын 500 сая ам.доллар гэхчлэн гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтуудыг гэр хорооллыг байшин хороолол болгох, инженерийн шугам сүлжээнд холбоход зарцуулна гэж бүгд ярьж байсан. Гэтэл 2020 оны үндсэн чиглэлд энэ бодлого хаана байна. Монгол Улс парламентын засаглалтай орон. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооноос нь ипотекийн зээлийн хэрэгжилтэд  тодорхой арга хэмжээ авах тогтоол хүртэл гаргаж, Монголбанк 6 тэрбум төгрөгийг жил бүр гаргана гээд заагаад өгчихсөн байхад холбогдох байгууллагууд үүнийг хэрэгжүүлэхгүй, ОУВС-гаас айгаад байна гээд сууж болох уу. Бүхэл бүтэн тусгаар улс биз дээ. Ипотекийн зээлд тодорхой мөнгийг нь суулгаж өгмөөр байна. 2019 онд арилжааны банкууд ипотекийн зээл гаргаагүй. Энэ талаар өргөдөл ихээр ирж судалж үзэхээр Сангийн яамнаас санхүүжилт орж ирэхгүй байна гэдэг тайлбарыг өгдөг” хэмээсэн юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж  2018 онд 120 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан, тэр хэмжээгээр нь бүрэн санхүүжүүлсэн. 2019 онд мөн ялгаагүй төсөв суулгасан мөнгө хуваариараа олгогдож байгаа. Холбогдох байгууллагууд хамтран оруулж ирсэн өөрчлөлтөөр  улсын төсвөөс олгодог мөнгө дөрвөн хувийн хүүтэй байсныг нь буулгаж нэг хувь болгосон. Төрөөс өгч байгаа мөнгө нэг хувийн хүүтэй болж буурснаар арилжааны банкууд зах зээлийн нөхцөлөөрөө мөнгөө гаргаж энэ хоёрыг нь холих замаар найман хувьтай олгож байгаа учраас нэмэлт 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болж байгаа. Ингэснээр ипотекийн зээлийн санхүүжилт гурван эх үүсвэрээр олгогдож байна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт тусгагдсан мөнгө, зээлийн эргэн төлөлт, арилжааны банкуудаас гаргасан тодорхой хувийн санхүүжилт гэсэн гурван үндсэн эх үүсвэрээр санхүүжилт олгогдож байгаа. ОУВС-гаас айсан зүйл байхгүй. хэрэгжүүлэх зүйлээр хэрэгжүүлээд л явж байна. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” энэ  зарчмыг барьж ажиллаж байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “2018 онд ипотекийн зээлд нийт 310 тэрбум төгрөгийг 4700 иргэнд  олгосон. Эдийн засгийн байнгын хорооноос гарсан тогтоолтой холбогдуулан зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк, Сангийн яам, БХБЯ хамтарч ажилласны  үр дүнд энэ оны эхний таван сарын байдлаар нийт 170 тэрбум төгрөгийг 2500 гаруй иргэнд олгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнээс арилжааны банкуудын 45 тэрбум төгрөгийн эх үүсвэр, мөн улсын төсөвт суусан 45 тэрбум төгрөг, Монголбанкнаас олгосон 80 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний таван сард ипотекийн зээлд  олгоно. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулбал зээлдэгчийн тоо хоёр дахин өссөн үзүүлэлт юм. 2019 оны хувьд Ипотекийн зээлд улсын төсөвт суулгасан 110 тэрбум төгрөг, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэр болох 115 тэрбум төгрөг, зээлийн эргэн төлөлтөөс олгож буй 200-230 тэрбум төгрөг буюу нийт энэ онд 450 тэрбум гаруй төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна. Өнгөрсөн онтой харьцуулбал санхүүжилт 50 гаруй хувиар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” гэлээ.

Хэрэв агаарын бохирдлыг бууруулья гэж байгаа бол ипотекийн зээл, гэр хорооллыг байшин хороолол болгох дэд бүтцийн инженерийн шугам сүлжээнд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа талаар онцолсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуултад Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газраас олон арга хэрэглэнэ. Үүний нэг нь сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулсан. Одоогийн байдлаар нийслэлийн хэрэгцээнд шаардагдах 50 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна.Тиймээс ямар нэгэн асуудал гарахгүй. Найман цэг борлуулах ажил явагдаж байна. Цаашид 107 цэгт түгээлтийг хийхээр төлөвлөж байна. Шахмал түлшээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулах боломжтой. Мөн ухаалаг халаагуурыг ашиглах замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж тооцоолон нийт 42 мянган айлд цахилгаан халаагуур өгөх ажил хийгдээд дуусна. Ингэснээр хотын төвийн А бүсийн айлууд эдийн засагт хэмнэлттэй халаагуур ашиглах боломжтой болно. Захын хорооллуудад цахилгааны асуудал үүсэж байгаа. Энэ жилийн төсөвт  ОУВС-гийн хөтөлбөртэй холбогдуулан энэ чиглэлд тодорхой хөрөнгө тусгаагүй. Захын хороололд цахилгааны асуудлыг шийдэхэд тодорхой асуудал бий.  Ирэх оны төсөвт суулгахаар төлөвлөж байна” гэсэн хариултыг өгсөн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү