Чуулган: С.Бямбацогт: Энгийн зөвшөөрлийг 3-5 жил, тусгай зөвшөөрлийг багадаа таван жилийн хугацаатайгаар олгоно


2019-05-17 17:09:12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж С.Бямбацогт нарын 22 гишүүний санаачилсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. 

Лицензийн тоог цөөлж, лиценз авдаг олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийг боловсруулжээ. 

Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаа. Үүнээс гадна Засаг дарга, ИТХ-ын дарга гэх мэт албан тушаалтны гаргасан гэх 400 гаруй зөвшөөрөл буй аж. Ийнхүү дур мэдэн зөвшөөрөл бий болгож, олгох болон хугацааг сунгахадаа нарийн тодорхой зохицуулалтгүйгээс хав дардаг хүнд суртал, авлига шан харамж авах үндэс суурийг бүрдүүлж байгаа гэдэг.

УИХ-ын гишүүн О.Батнасан: Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө гэж байгаа. Хуулиар зөвшөөрсөн зүйлд ороогүй байна гэх асуудал гарах уу. Хуулиас давсан журмын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Олон улсын практикуудыг хэрхэн судалж үзсэн бэ. Жишээ нь Авсралиас машин авахад алгын чинээ цаас л авдаг гэтэл манай хил гааль дээр ирээд бүрдүүлдэг бичиг баримт гэж маш их хүндрэл учруулж байна. Төрийн бус байгууллага төрийн байгууллагын олгодог зөвшөөрлийг ч олгож байгааг хэрхэх вэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өнөөдрийн байдлаар хуулиар зөвшөөрөөгүй учраас хориглоно гэдэг агуулгаар төрийн албан хаагчид хандаж, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байдаг. Харин төслийн гол үзэл баримтлал нь Иргэний хуулийн үзэл баримтлалтай адил хуулиар хориглоогүй л бол зөвшөөрөх зарчим. Төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах 9 төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан байна. Тухайлбал, хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах, хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодисыг агуулсан эм, бэлдмэлийг үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, худалдах, үйлчлэхийг хориглох аж. Мөн садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих, хуульд өөрөөр заагаагүй бол казиногийн үйл ажиллагаа эрхлэх, олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглохоор заажээ. Түүнчлэн аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулах, аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг тус тус хориглохоор төсөлд тусгаад байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Зөвшөөрлийг багасгах, хүнд сурталыг бууруулах асуудал олон жил яригдаж байна. Зөвшөөрлөөс гадна хяналт маш чухал шүү.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 110 хуулиар зохицуулагдаж байгаа харилцааг нэгтгэн, мэдээллийн нэгдсэн сан байгуулах нь зүйтэй. УИХ-аар хэлэлцэхийг нь дэмжсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөлд тухайлбал, франчайзийн болон мерчандайзийн гэрээгээр харилцаагаа зохицуулах эрхийг авах, олгохтой холбоотой заалт бий.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энгийн зөвшөөрлийг 3-5 жил, тусгай зөвшөөрлийг багадаа таван жилийн хугацаатайгаар олгоно. Өнөөдөр зөвшөөрлийг зургаан сар, нэг жилийн хугацаатай олгож зөвшөөрөл хүсэгчид хүндрэл учруулдаг, үүнийг дагасан хүнд суртал авлига хээл хахуулийн нөхцөл суурь бүрдэж байгаа юм. Үүнийг таслан зогсооно.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Бизнесийн орчин дахь оролцоогоо төр бууруулах нь зүйтэй. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн төрийн албан хаагчид тооцох хариуцлага ямар байх вэ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Аймаг, сум, дүүргийн Засаг, ИТХ дарга дур мэдэн зөвшөөрөл олгосоор 100 гаруй зөвшөөрлийг 1300-д хүргэсэн. Аж ахуй нэгжийг төрөөс дэмжинэ гэж байгаа ч зөвшөөрөл нэрийдлээр чөдөр тушаа болдог байсан. Энэ хууль батлагдсанаар зөвшөөрөлтэй холбоотой аж ахуй нэгжид учирч буй хүндрэл бэрхшээл үгүй болно гэж найдаж байна.

Ингээд Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү