Д.Тогтохсүрэн: Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцсон нь буруу


2019-05-17 17:39:24

МАН-ын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан. Тодруулбал, эдгээр гишүүдэд намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Намын хяналтын хороо буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би МАН-ын Хяналтын хорооны даргатай хоёр ч удаа ярьсан.

Ш.Раднаасэд гишүүний хувьд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой юм байна. Харин Д.Дамба-Очир гишүүний тухайд Оюутолгой компанид шалгалтын материал гаргаж өгсөн гэдгээр нь юм байна. УИХ-ын гишүүн  чуулган болон байнгын хорооны хуралдаанд үг хэлснийхээ төлөө хариуцлага хүлээж болохгүй. Хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй асуудлаар ийм хурдан шийдвэр гаргаж, гишүүдийн эрх ашгийг ингэж хөндөж болохгүй.

УИХ-ын гишүүнийг үг хэлснийх нь төлөө, байнгын хорооны даргыг албан бичиг явуулсны төлөө ийм шийдвэр гаргавал цаашид УИХ-ын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж чадах уу. УИХ-ын гишүүдийн хууль зөрчсөн үйлдэл хуулийн байгууллагаар тогтоогдсон бол хариуцлага тооцно.

Түүнээс хэвлэлээр гарсан мэдээллээр хариуцлага хүлээлгээд байвал 64 гишүүн бүгд хариуцлага хүлээн биз дээ. Оюутолгойн дүгнэлтийг ирэх долоо хоногийн даваа гаригийн хуралдаанаар хэлэлцэнэ" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү