С.Амарсайханд итгээд үзье


2019-05-20 10:58:22

Өглөө ажлын газрынхаа үүдэнд автозогсоол олно гэдэг алаан. Орой нь орон сууцны урд төмөр хүлгээ байрлуулах нь амь тэмцсэн өрсөлдөөн. Энэ зуур автозамын түгжрэлд стресдэж, уур бухимдлаар “цэнэглэгдэн” ирэх нь бидний өдөр тутмын амьдралын хэвшил болох шахжээ. Уурандаа бачуурах шахахдаа гар утсаа шүүрэн хэн нэгнийг зүхсэнээр эцэст нь “хагас” тайвширч орондоо орно.

Нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын дийлэнх нь төвлөрч байгаагаас харахад хотжилт эрчимтэй явагдаж байна. Нийслэлд 1.7 сая хүн байнга болон түр оршин суугаа гэх статистик мэдээ бий. Өргөн уудам газар нутагтай ч багахан хэсэгт бөөгнөрөл үүсч байгаа нь тийм ч муу зүйл биш. Гагцхүү зөв зохион байгуулалт, өөрөөр хэлбэл, бодлого чухал.

Монгол Улсад ус агаар мэт үгүйлэгддэг зүйл нь урт хугацааны стратеги. Сонгуулиас сонгуулийн хооронд өртөөлсөн бодлого өдгөө хумигдаж, хоёр, бүр нэг жилийн цикльтэй болох шинжтэй. Хэнд эрх мэдэл байна тэр хүн хөгжмөө захиалдаг зарчим байж болох ч өмнөхөө үгүйсгэж, бодлогоо нураах нь эмгэнэл.     

Өдгөө Улаанбаатар хотод шинэ барилгууд ямарч төлөвлөлтгүй, уялдаагүй баригдах болсон. Уулын цаадах уулан дээр айл буучихаад хашаандаа хаус барьж, хананаасаа халуун ус авахыг шаардаж байна. Мөнгөтэй, эрх мэдэлтэй л бол хүссэн газраа вант улсаа байгуулж, нийтийн эрх ашгийг хөсөр хаях нь хотжилт мөн үү.

Хэдийгээр хотжилт зайлшгүй чухал боловч хөгжилд хүрэхийн тулд бодлого хэрэгтэй. Иргэд олноороо нийслэл рүү хошуурч байгаа нь амь зуух гэснийх. Шулуухан хэлэхэд ажил хөдөлмөр эрхлэж, ядуурлаас гарах гэсэн хэтийн санаатай. Тиймд тэднийг хөөж гаргахаа урьтал болгохын оронд хөгжлийн бодлогоо тодорхойлох цаг иржээ. Мэдээж нийслэл хот огт бодлогогүй, толгойгүй явж ирсэн гэвэл эндүүрэл.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэж байжээ. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад дөрвөн удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх тав дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөг манай архитектор, инженерүүд боловсруулж, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлуулсан аж. Улмаар тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулан мөрдөж байна.

Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу зургаа дахь төлөвлөгөөг өдгөө боловсруулж байгааг хотын дарга С.Амарсайхан хэлсэн. Тэрбээр “Ерөнхий төлөвлөгөө гэдэг Улаанбаатар хотын амин сүнс учраас нухацтай хандаж, нарийн судалгаа тооцоотой эргээд гарах үр дүнтэй ажлууд хийгдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, баталсан ерөнхий төлөвлөгөөнүүдээс хийгдээгүй орхигдсон ажлуудад нь хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Хот өөрөө цогцоороо хөгжих эдийн засгийн чадамжтай, байгаль орчны нөөцөө зөв зохистой ашигладаг, эдийн засгийн тогтвортой эрх зүйн орчинд тулгуурлан хөгжих ёстойг ажлын хэсэг сайн анхаарч, төлөвлөгөөндөө тусгаарай” хэмээсэн.

С.Амарсайханы баримталж байгаа ганц зүйл нь хэн байхаас үл хамаарч, урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх зарчим ярьсан нь сайшаалтай. Хотын бодлогыг 10, 20 жилээр биш 60 жилээр төлөвлөж, боловсруулахад анхаарах гэнэ. Ирэх жил сонгууль болно. Энэ үүднээс нь авч үзвэл тэр ийм бодлого ярьж суухын оронд аж ахуйн ажлаа хийж, гудамж талбай цэвэрлэж, Жанжны талбайн урд хэсгийг цэцэрлэгжүүлэх нь илүү нэр хүндэд нь ээлтэй. Цаашлаад таван байршилд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулж, нийслэлчүүдэд чөлөөтэй амарч зугаалах гудамж талбай гаргаж өгөхийн зэрэгцээ гүйх, алхах, дугуй унах, сагс, хөлбөмбөг тоглох гээд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангах ажлаа хийхэд л хангалттай. Харин бодлого урт хугацаанд үр өгөөжөө өгөх тул түүний хувьд эрсдэлтэй алхам. Гэвч үүнийг барьж авсаных нь төлөө түүнд талархууштай.  

Нийслэлийн үе үеийн хотын удирдлагууд бодлого тодорхойлохоос илүүтэй аж ахуйн ажилтай зууралдаж байсныг нь google-дэх төдийд гараад ирнэ. Магадгүй ингэж хэлсний минь төлөө С.Амарсайханы “бууны нохой” гэж намайг элдэвлэх биз. Гэвч хэн нэгнийг муулахаас урьтаж, улс орны эрх ашгийг ярих нь чухал цаг үе бий болоод байна. Муулж, шүүмжлэх амархан. Өөгүй өндөг шиг хүн ч үгүй. Өндөг хүртэл өөтэй болсон цаг үе хойно.

Хотжиж өнөөгийн Монгол Улс шиг хүн ам нь төвлөрсөн ч хөгжиж чадаагүй олон улс бий. Магадгүй түүний нэг нь Монгол Улс. Нэг байрандаа, гар утсаа маажиж, хажуудахаа шүүмжилж суухын оронд хөгжлийн бодлого, стратеги ярьж, нийтээрээ нэг зүг харах зайлшгүй шаардлага бий болоод байна.

С.Амарсайхан мянга сайхан ярьж, 60 жилийн төлөвлөгөө боловсруулаад дэмжлэг, хамтын ажиллагаа байхгүй бол нэмэргүй. Байшингаар бол тэр зөвхөн суурийг нь зутгаж байна. Түүний хэлж байгаа инженерийн шугам сүлжээ, дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийг өмнөх хотын дарга нар санаж сэдээгүй биш хэрэгжүүлэх гэж үзсэн. Гэвч хүчин мөхөстсөн. Шалтгаан нь нийслэл дангаараа энэ бүхнийг хийж, хүчрэхгүй.

Орон сууцанд орно гэж итгэж, төсөл хэрэгжүүлэгчдэд хандсан зарим иргэд өнөөдөр орох орон, оочих аягагүй үлдэж хоцорсон, эрх нь зөрчигдсөнийг бид мэднэ. Засаг захиргааны буруу бодлого төлөвлөлт, иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тооцоолоогүйн үр дагаварт ийм нөхцөл үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Тиймдээ ч  хотын өнөөгийн дарга яам, Тамгын газрынхныг энэ ажилдаа дайчилж, хамтран ажиллахаар хэлэлцэж эхэлжээ. Барилга хот байгуулалтын яамныхантай уулзаж, дахин төлөвлөлтийн талаар санал бодлоо солилцож, бодлого чиглэлээ гаргасан. Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхантай уулзаж махны экспорт, жижиг дунд бизнес гээд эдийн засаг, иргэдийн амьжиргаа талаас нь авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн талаар санал солилцож, хамтран ажиллах шийдэлд хүрчээ.

Хот гэдэг хэдэн дэд бүтэц, барилга дээр тогтохгүй. Эдийн засаг, соёл, сэтгэлгээ, тээвэр, хүний эрх гээд олон хүчин зүйлийг цогцоор нь шийдвэрлэж байж Хөгжлийн манлайд хүрнэ.

Нийслэлээс сонгогдсон 25 гишүүнийг хүртэл энэ ажилдаа гар бие оролцохыг хүссэн боловч уулзалтад ердөө 9 гишүүн л ирсэн. Бодлого ярихаар хойш сууж, гурил будаа тарааж, нэр төрөө өсгөх болохоор нэн тэргүүнд очдог нь өнөөгийн улстөрчдийн өнгө төрх болсон юм хойно яалтай.

Мэдээж хотын ирээдүйг дүүрэг, хороогүйгээр төсөөлөх аргагүй. Тиймдээ ч дүүргүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх мэдлийг нь өгөх гээд олон зүйлийг хотын дарга С.Амарсайхан судлаж, бодлого боловсруулахад шингээх гэнэ билээ.

“Хотыг төлөвлөхдөө 30-50 жилийн цаадахыг харж, нийтийн эрх ашгийг урьтал болгох нь чухал” хэмээсэн С.Амарсайхан энэ үг бизнес сэтгэлгээтэй нь холбоотой болов уу. Ирээдүйн үр ашгийг нь тооцоолж, урт хугацааны бодлогыг зоригтойгоор шүүрч авсан нь ч тэр биз.

Ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм гэгчээр бодлого, аж ахуйн ажил хоёрыг цогцлоохын тулд С.Амарсайхан амаргүй зүйлтэй олон л тулах байх. Гэсэн ч инженерийн байгууламжаасаа эхлээд иргэд нь ажилтай орлоготой, эрүүл боловсролтой, эдийн засгийн чадавхтай хотыг бий болгох зорилт тавьж, цогцоор нь асуудлыг шийдэх гэж зориг гаргасанд нь талархаж байна.

Хотод хүүхдээ сургуульд явуулсан хүн хүүхдээ сайн боловсрол, хүмүүжил олж байгаа гэдэгт итгэнэ, харин гэхдээ багшийг нь танихгүй. Нэг автобусанд суулаа гэж бодоход автобусны жолооч аюулгүй жолоодоно гэдэгт итгэдэг. Нийгмийн нэг хэсэг,  хариуцлага үүрсэн хэн нэгэн танихгүй хүнд итгэнэ гэдэг нь хотын амьдралын суурь юм. Тиймээс С.Амарсайханыг төдийлөн танихгүй ч хотын хөгжлийн суурь болсон бодлогыг боловсруулж, эрх зүйн орчныг нь бий болгож чадна гэдэгт итгэнэм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү