Д.Дамба-Очирыг хуулийн байгууллага шалгах уу


2019-06-07 09:32:05

Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг гадагш задруулсан хүнийг шалгах ёстой. Өөрөөр хэлбэл, тагнуулыг бариарай гэж Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва удаа дараа хэлж байв. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур ил. Мэдээж “Би буруугүй” хэмээн олон нийтэд мэдэгдэж, чуулганы хуралдаан дээр ч энэ тухайгаа тайлбарладаг. Гэхдээ тэр тайлбар түүнийг зөвтгөх үндэслэл болох уу.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгойг шалгах ажлын хэсгийн ахлагчаар анх томилогдсон хүн. Тодруулбал, тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд энэ оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар Оюутолгойг шалгах ажлын хэсгийг байгуулж, даргаар нь эрхэм гишүүнийг томилж байлаа.

Хачирхалтай нь ажлын хэсгийн босс хэдхэн сарын дараа ажлаа өгсөн юм. Шалтгаанаа “…ажлаар гадагшаа явах болсон учраас” хэмээн тайлбарласан. Ийнхүү түүний оронд ажлын хэсгийн дэд ахлагчаар ажиллаж байсан Д.Тэрбишдагва тушаал дэвшин ажиллах болсон.

Гэхдээ Д.Дамба-Очир долоо хоногийн чөлөө хүссэн хэрнээ 70 хоног өнгөрөхөд буцаж ирээгүй нь анхаарал татсан гэхэд болно. “Рио Тинто”-гийн харцаар Монголын төр, тэр дундаа төрийн эрх баригчид хөдлөх болсон талаар УИХ-ын гишүүд ам уралдан ярихаас хэтрэхгүй. Магадгүй энэ нөхцөл байдал Д.Дамба-Очирт нөлөөлж, авлига авч амиа хамхисан уу, эсвэл ажиллахгүй хэмжээнд хүрэх дарамт шахалт, элдэв рекэтээс болж ажлаа өгсөн үү гэх асуулт хариултгүй үлдсэн юм.

Эцэст нь түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй тул “дарга”-ын албан тушаалаасаа татгалзахаас өөр арга байгаагүй тухай шуугив. Учир нь мань хүний үүсгэн байгуулж, өдгөө хувьцаа эзэмшдэг “Очир төв” ХХК нь Цагаан хад-Гашуун сухайт чиглэлийн 23 км авто замын ажлыг гүйцэтгэж байгааг Оюутолгойг шалгах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан Ц.Бээжин олон нийтэд мэдээлсэн.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Очир Төв Холдинг” ХХК, “Очир төв зам” ХХК, “Очир төв тоног төхөөрөмж” ХХК, “Очир Пауэр” ХХК, “ОТК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Гэхдээ өдгөө компани нь цөөрч “ОТК”, “Очир төв зам”, “Очир Төв Холдинг” ХХК болж хураангуйлагдсан байна билээ. Өөрөөр хэлбэл, хоёр компаниа татан буулгасан уу, өөр хүнд шилжүүлсэн үү, бүү мэд. Ямартай ч түүний харьяалалаас гарсан.

Жилийн 24491.98 мянган төгргийн орлоготой тэрбээр нийтийн 3 орон сууцтай. Гэр бүлийн орлого нь 80191.05 мянга. “Nissan,Patrol” маркийн төмөр хүлэгтэй, 17092.79 мянган төгргөийн хадгаламжтай. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь ердөө л энэ.

Өөрчлөгдсөн зүйл нь гишүүний жилийн орлого ялимгүй өссөн, 65000.00 мянган төгрөгийн зээлээ төлж барагдуулсан. Өдгөө өр төлбөргүй, таван компани нь хоёроор цөөрсөн. Адуу мал, бэлэг дурсгал байхгүй.

2013 онд таван яамны ажлын хэсэг Оюутолгойд шалгалт хийж, 2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илрүүлэхэд мань хүний нэр ч дунд нь цохиж явсан. Тухайн үед ажлын хэсэгт орж ажилласан хүмүүсийн яриагаар 3.5 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн гэх яриа ч бий. Ямартаа чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Одоо Монголын хууль хүчний байгууллагууд нэлээн зоримог шуурхай ажиллах цаг болсон. Рио Тинтотой хэрэлдэж хэлцэхээс илүүтэй тэдэнтэй гэрээ хийсэн хүмүүсийн буруутай үйлдлийг илрүүлэх, Монгол Улсад хохиролтой тэдгээр гэрээг яаралтай эргэж харах шаардлагатай” гэсэн юм.

Оюутолгойтой гэрээ байгуулж, улсаа хохиролд учруулсан нэр бүхий хүмүүсийн дунд эрхэм гишүүн Д.Дамба-Очирын нэр тодоос тод дагалддаг. Тодруулбал, Д.Дамба-Очирын компани, мөн Л.Болдын үүсгэн байгуулсан компани хоёр дахин өндөр өртгөөр 80 км цахилгааны шугамыг барьж, улсад хохирол учруулсан талаар өнөөх шалгалтын хэсгийн дүгнэлтэд бий. Ийнхүү гэрээ хийж, улсаа хохиролд учруулсан эрхмүүдтэй хариуцлага тооцох гэхээр УИХ-ын гишүүд нь хүзүү сээрээрээ холбогдож, төмөр гав зүүхээр болоод байсан тул хоёр намын хооронд хийж, эцэст нь 2 тэрбум ам.долларын зөрчлийг нүдээ аниад өнгөрөөхөөр тохиролцсон гэлцдэг.  

Гэтэл өдгөө мөн л түүнтэй холбоотой дуулиан дэгдсэн нь дүгнэлтийг нөгөө талд өгсөн явдал. “...Эдийн засгийн байнгын хорооны дарга хураангуй дүгнэлтийг Рио Тинто, Оюутолгой компанид явуулсан гэсэн. Байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөсөн, УИХ-ын гишүүдэд тараагдсан асуудлыг өөр нэгэн байгууллагад өгсөн нь маш зохисгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгах ёстой. Дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэсний дараа Оюутолгой компани авч өөрсдийн дүгнэлтийг гаргасан бол өөр хэрэг. Гэтэл хэлэлцээгүй байхад Оюутолгой компанид дүгнэлт очсон байна. Тэр бүү хэл Эдийн засгийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд Оюутолгой компаниас чиглэл өгсөн. Хэлэлцэх гэж буй асуудлыг урьдчилсан байдлаар өгсөн нь энэ ажилд нөлөөлүүлэх зорилготой байсан болов уу. Урьдчилж тараасан нь ноцтой” хэмээн ажлын хэсгийн ахлагч мэдэгдсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Зөвхөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өчигдөр орой хүргэгдсэн материал Рио тинтод хүргэгдсэн байна. Дотор нь бидэнд тараагдсан нууцын зэрэглэлтэй материалд бүгдэд нь хариу өгчихсөн байна. Зүйл, заалт бүрээр нь. Бид танилцаж, хэлэлцэж амжаагүй байтал биднээс өмнө нөгөө тал танилцаад, хариуг нь өгчихсөн байна. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг Монгол төрийн бодлого гэж ойлгож байгаа. Гэтэл Монгол төрийн бодлогыг биднээс түрүүлээд Оюутолгой тодорхойлж байгаа нь хэтэрхий задгай байна" хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү