Түрээсийн гишүүн


2019-07-16 11:12:50

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өдөө ямар автомашинтай вэ. Мэдээж Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хэдэн жил мэдүүлж байгаа “Toyota,Venza” нь бий. Харин албаных нь унаа юусан билээ. Хэт ганган төмөр хүлгийг Шүүхийн шийдвэрх гүйцэтгэхээс авсанаас болж, Ерөнхий сайдаас банга хүртэж, зарах үүрэг даалгавар авч байсныг олон нийт төдийлөн мартаагүй.

Эдийн засаг эмзэг, иргэдийн амьжиргаа таагүй байсан тэртээх өдрүүдэд хэтэрхий ганган өнөөх машиныг нь авсан үнээр нь битгий хэл 50 хувь хямдруулаад ч авчих бэнчинтэй хөрөнгөтөн олдохгүй нэлээд сандаргасан гэлцдэг. Уг нь олны харааг булаам сайхан хөлөг байвч бусдын аазгайг хөдөлгөж, хөл хорио тогтоолгосон хойно яалтай. Ёстой харахаас хазахын заяа байх биш гэгч болж байсан нь тэр.

Үнэндээ түрээсийн байранд амьдардаг, гэртээ телевизоргүй, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж яваа хатуу самарт арай ганган юм билээ л дээ. Төр зүтгэсэн хүндээ халтай гэгч энэ байх. Уг нь УИХ-ын гишүүнээр зургаан удаа сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 10 гаруй ажил ажилласан, төрдөө үнэнчээр 20 гаруй жил зүтгэж яваа түүний хичээл зүтгэлийг үнэлээд тэр машиныг нь өгчихөж болмоор.

Улс төрийн тогоонд олон жил "чанагдаж" яваа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Увс аймгийн Малчин суманд 1956 оны наймдугаар сарын 10-ны өдөр мэндэлсэн нэгэн. Хууль зүйн сайдаар тав, дэд сайдаар нэг удаа томилогдож байсан тэрбээр Увс аймгаас олон удаа сонгогдон тойрогтоо “дархлагдсан” түшээ. Хүү Н.Анхбаяр нь аавынхаа туслахаар ажлын гараагаа эхэлж, УИХ дахь МАН-ын бүлгийн референт, ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирлаар ажиллаж байсан.

Эрхэм сайдын жилийн орлого нь 22756.56 мянга. Гэр бүлийн орлого нь 6489.00 мянган төгрөг. Хадгаламжиндаа 5675.00 мянган төгрөгтэй жирийн л нэг ажилчин. Тийм байхад Ц.Нямдоржийн сууц, гэр доторх тавилгынх нь талаар хүн бүр шиншилдэг. Түүнийг “Энержи ресурс” компанийн барьсан Зайсан дахь орон сууцны хотхонд 285 мянган ам.доллар буюу 370 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байранд амьдардаг талаар өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга олон нийтэд анх мэдээлж байв.

Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр “дөрвөн тэрбумын дөрвөн хаустай” гэж зарлаж байлаа. Энэ бүхний хариуд “Би түрээсийн байранд амьдардаг, хүүхдүүд маань зээлээр байшин бариулсан. Зөвхөн байрны урсгал зардал болох 400 мянган төгрөг төлдөг” гэж билээ. Ийм л шударга хүн дээ.

Гаалийн Ж.Баатараас болж хятадын тагнуул гэх хар дардас даруулж байсан хөөрхий хөгшин парламентчаа Монголын төр харж үзэх өдөр ирэх байлгүй дээ. Өнөөг хүртэл барьж буй 9911 дугаар нь хүртэл түрээс гээгүй байгаа даасэн шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү