Л.Оюун-Эрдэнэ толгой мэдсэн хэргээ харьяаллынх нь дагуу шилжүүлэхээ мэдэгдлээ


2019-09-06 10:07:13

 

“Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онц байдлын хугацаа өнөөдөр дуусна. Үүнээс урьтаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийв. Сайдын хэлж байгаагаар Ерөнхий прокурорт хандан хоёр албан тоот үзэглэснээ сонордуулсан юм. Эхнийх нь Хөгжлийн банкнаас зээл авчихаад луу унжсан аж ахуйн нэгжтэй холбоотой.

 

 

Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй төрд хохирол учруулж байгаа буюу авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзэн "Эрэл", "Хөтөл" ХК, "ТОСК" ТӨХК, "Монгол драй милк", "Кью Эс Си", "Капитал банк"-ийг прокурорын байгууллагад өгч байгаа нь энэ аж. Уг нь энэ ажил Засгийн газрын гал тогооны ахлахын бус прокурорын ажил. Тиймээс харьяаллынх нь дагуу шилжүүлж байгаагаа мэдэгдсэн нь энэ гэхэд ч хилсдэхгүй биз. Юутай ч тэрбээр “Прокурорын байгууллагад Прокурорын тухай хуулийн 20.1-д заасан үндэслэлээр хандаж байна. Уг нь төр, нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудалд нь ЗГХЭГ биш прокурорын байгууллага нь хөөцөлддөг. Олон улсад ч тийм байдаг. Төрд гарч байгаа асуудлыг араас нь хөөцөлддөг байвал хөрөнгө шамшигдах, ял завших асуудал багасах магадлалтай. Манайд уг нь хууль бий. Гэхдээ хууль хэрэгжихгүй байна” гэсээр албан бичгээ илгээхээ мэдэгдсэн.

 

 

Учир нь Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүйгээс 1.2-1.3 их наяд төгрөгийн асуудал яригдаж байгаа бөгөөд эдгээр аж ахуйн нэгж зээлээ төлөөгүйгээс Хөгжлийн банк зээл олгох боломжгүй болсон гэнэ.

 

 

Дараагийн албан тоот нь  "Жаст групп" ХХК-тай холбоотой. "Жаст групп" ХК Стандарт банкнаас 2009-2012 онд нийт 160.1 сая ам.долларын зээл авсан. Үүнд "Эрдэнэт үйлдвэр" ХК  баталгаа гаргасан асуудлаар АТГ-т хэрэг бүртгэлт нээгдсэн бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа. Зээлдэгч "Жаст групп"-тэй холбоотой асуудал Лондоны арбитрын шүүх дээр хандагдаж, "Эрдэнэт үйлдвэр"-ийг баталгаа гаргасан гэж үзэн тус үйлдвэрийн дансыг битүүмжлэх нөхцөл байдал үүссэн. Тиймээс Стандарт банканд төлөх 40 сая ам.долларыг "Эрдэнэт үйлдвэр"-ийн "Эрсдлийн сан"-гаас гаргасан талаар ажлын хэсгийн ахлагчийн хувиар тайлбарлав. Эцэст нь энэ нөхцөл байдлаас болж төр хохирсон тул прокурорын байгууллагад албан тоот хаяглах болжээ. Энэ үгээрээ тэрбээр онцгой дэглэмийг цуцлах цаг нь болоогүй гэдгээ мэдэгдсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү