Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ШУА- ийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеевийг хүлээн авч уулзлаа


2019-09-09 11:43:39

Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев, тус академийн дэд ерөнхийлөгч, академич А.В.Адрианов нарын төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

ОХУ-ын ШУА-ийн төлөөлөгчид, тэр дундаа Академийн Ерөнхийлөгч нь 98 жилийн дараа анх удаа Монгол Улсад ирж, ШУА хооронд хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихийн баталгаа хэмээн үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юун түрүүнд онцлон тэмдэглэлээ.

Улмаар хоёр орны ШУА хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэлэлцээр, хамтарсан судалгааны ажлын чиглэлийг тогтоож, цаашдаа байнгын хамтын ажиллагаатай байх механизм бүрдүүлэх нь нэн түрүүнд анхаарах асуудал гээд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Манай хоёр улсын шинжлэх ухааны салбарын гүн бат хамтын ажиллагааны нэг хэсэг нь сансар судлал бөгөөд дэлхий даяар эрчимжсэн сансар судлалын салбарт эрчимтэй хамтарч ажиллах, Монголын говь дахь өвөрмөц тогтоц, шинжүүдийг ашиглах боломж, бололцоо байгаа талаар талууд дэлгэрэнгүй санал солилцлоо.

Үүнээс гадна шинжлэх ухааны салбарын төсөв, патент, бүс нутгийн салбарын хөгжил зэрэг өргөн асуудлаар санал солилцож, үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирсэн шинжлэх ухааны салбарт эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ, санал санаачилга хэрэгтэй тул хамтын ажиллагааг чухалчлахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүссэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд ярилцсан сэдэв бүрийг хариуцах эзэн, хамтын ажиллагааны механизмтай болгож, эргэн уулзахаар тохиролцов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү