Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүд тайлбар хийхээс "татгалзав"


2019-10-17 08:32:36

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар таван гишүүний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байв. Харамсалтай нь, нэр бүхий таван гишүүн дэд хорооны хуралд ирсэнгүй. Тэдний гурав нь буюу УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын Хөрөнгө орлого  огцом нэмэгдсэн нь хууль зөрчсөн эсэхийг нягтлан хэлэлцэх байв. Гэвч Ж.Мөнхбат, Л.Болд нар гадаад томилолттой, М.Оюунчимэг гишүүн Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар хурал даргалж байсан учир оролцсонгүй. Иймээс тэднийг дараагийн хуралд байлцуулан тайлбар авах нь зүйтэй гэх эцсийн шийдэлд хүрсэн юм.

Харин ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарт холбоотой мөн хэлэлцүүлэг өрнөх байсан ч хэргийн эзэд танхимд саатсангүй. Мөн гадаад томилолттой гэх шалтгаанаар ирээгүй юм.

Гишүүн Б.Пүрэвдоржийн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар 2019 оны аравдугаар сарын 4-нд Ёс зүйн дэд хороонд албан бичгээр хандсан байдаг.  Уг бичигт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь тус байнгын хорооны хуралдааныг хэвийн явуулах дэгийг алдагдуулан, хуралдааныг 40 минут тасалдуулж, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан тул энэ асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ. Энэ дагуу тус Ёс зүйн дэд хорооноос Б.Пүрэвдорж гишүүнээс тайлбар өгөхийг хүссэн ч бичгээр болон өөрийн биеэр ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшингийн тухайд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлгийн үеэр бусад сайд нарыг санал хураалтад оролцуулахгүйн тулд картыг нь сугалсан гэмтэй. Тэрбээр энэ үйлдлийнхээ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй. Иймээс мөн тэднийг байлцуулж, асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Арай гэж ирц бүрдсэн Ёс зүйн дэд хороо иймэрхүү үр дүнтэйгээр хуралдсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү