Эмэгтэй гишүүд Д.Сарангэрэлийг дэмжихээ илэрхийллээ


2019-10-17 12:08:40

МАН-ын Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны ээлжит хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Дүрэм ёсоор дөрвөн жилд нэг хуралддаг эл хурлаар НАМЭХ-ны шинэ  Ерөнхийлөгчийг сонгоно. Намын Удирдах зөвлөлийн хурлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сонгоод байгаа билээ.

Д.Сарангэрэлийн тухайд сэтгүүлч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн байгууллагад олон жил ажилласан байсан намтартай. Тэр дундаа Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэмээх томоохон төрийн бус байгууллагыг удирдан чиглүүлж байсан туршлагатай нэгэн юм. Эл байгууллагыг толгойлж байхдаа мэргэжил нэгтнүүдийн эрх ашгийг хамгаалах, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хуулиар хамгаалуулахад анхаарч ажилласан. Мөн нийгмийн асуудал нь үргэлж орхигдож явдаг үзэг нэгтнүүддээ энэ талын дэмжлэг туслалцаа үзүүлж, ажилласаныг нь салбарынхан нь андахгүй. Тиймдээ ч улс төрд хүч үзэж, нэр дэвшихээр болоход нь дэмжин тусласан гэхэд хилсдэхгүй биз.

Улс төрд орж, УИХ-ын гишүүнээр ажиллахдаа аль нэг талд бусдад “дагаар” орсонгүй. Аливаа зүйлд нуруутай байж, үзэл бодлоо хараат бусаар илэрхийлсээр ирсэн. Эрүүл мэндийн салбарыг толгойлсон өнгөрсөн хугацаанд хөшигний ард байсан олон ч сэдвийг ил гаргаж ирсэн. Тухайлбал, тэмбүү, сүрьеэ. Хаалттай хаалганы цаана байсан сүрьеэгийн асуудлыг ил гаргаж ирснээрээ олон дайсантай болсон ч хойших сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх алхмуудыг зоригтой хийж чадсан нь түүний гавьяа. Эмэгтэйчүүдийн далд айдас байсаар ирсэн тэмбүү өвчинд ч мөн анхаарал хандуулж, ажиллаж эхэлснээр эрт илрүүлэлт үр дүнгээ өгч, эл өвчнөөр өвчлөгсдийн тоо буурах хандлагатай байгааг салбарынхан нь хэлдэг. Энэ мэтчилэн сайд болсноос хойш эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарсан нөхөн үржихүй, умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчилэх оношлох, хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэлээс хамгаалах гээд маш олон чиглэлд сэтгэл оюунаа чилээж ажилласан.

Тэр хаа ч явсан ажилчин, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг орхигдуулдаггүй нэгэн. 20 гаруй жил нэмэгдээгүй эмч нарын цалинг суурьнаасаа нь хөдөлгөж, нэмэгдүүлсэн гавьяа бий. Эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн мөнгийг хүртэл шийдвэрлэж,  салбарынхныхаа нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж яваа.

Тиймээс түүнд НАМЭХ хэмээх энэ төрийн бус байгууллагыг удирдан чиглүүлэх туршлагатай нэгэн хэмээн сэтгүүлч миний хувьд дэмжиж байгаа юм. Ганц сэтгүүлч миний бие ч бус парламент дахь эмэгтэй гишүүд ч түүнийг дэмжихээ илэрхийлж нэрээ татсан. Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нар холбооны Ерөнхийлөгчийн төлөө хүч үзэхээр шийдвэрлэж байсан ч Д.Сарангэрэлийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна. Тэр энэ мэтчилэн бусдад ч хүндлэгдсэн нэгэн.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү